Та аялалд гарахаар төлөвлөж байна уу?

Дэлгэр зуны зугаатай өдрүүдэд аялалд гарахаар төлөвлөж байна уу?

Аялалд гарахдаа бэлтгэлээ бүрэн хангаж шаардлагатай бүхий л зүйлийг бэлдэж явахгүй бол зутрах, өвдөх гээд олон эрсдэлтэй байдаг тул Аюулгүй, Эрүүл, Хөгжилтэй дурсамж дүүрэн аялахын тулд сайн бэлтгэлтэй явах хэрэгтэй. Тиймээс аялалд гарахад шаардлагатай зарим зүйлийг та бүхэнд сануулж байна.

Юуны өмнө аяллын төлөвлөгөө болон техникийн бүрэн бүтэн байдлыг 100% хангах нь чухал. Мөн аялалд авч зүйлсийн жагсаалт гаргаж дутуу зүйл байна уу гэдгийг нягтлаарай. Мөн цаг агаарын урьдчилсан мэдээг лавлаж аяллаа төлөвлөх хэрэгтэй.

  • Явуулын эмийн сан- Таны цүнхэнд заавал байх ёстой зүйл бол мэдээж эмийн сав. Үүнд ханиадны эм, хоолойны эм, халуун буулгах эм, өвчин намдаах эм болон шархны лент, ариутгалын уусмал, хөвөн, бинт багтсан байх ёстой.
  • Нарны тос, нарны малгай- Аяллын туршид наршихгүйн тулд нарны малгайг заавал өмсөөрэй. Харин наранд түлэгдэхгүйн тулд нарны хамгаалалттай тосыг нүүр болон биендээ түрхэхээр цүнхэндээ заавал авч яваарай. SPF (Sun Protection Factor) гэсэн товчлол нь «нарны хамгаалалтын шүүлтүүр» гэсэн утгыг агуулдаг. Гэхдээ SPF-шүүлтүүр нь UVB-гэмтэл буюу хэт ягаан туяаны түлэгдэлтээс л хамгаална.
  • Борооны цув, усны гутал- Энэ жил бүх аймгаар хур бороо элбэгтэй, бороо их орж байгаа тул усны гутал, борооны цувыг марталгүй авахыг зөвлөж байна.
  • Шумуулаас хамгаалах цацлага эсвэл тос- Урин дулаан зуны улиралтай хамт айлчлан ирдэг урилгагүй зочин шумуул. Шумууланд хазуулж загатнасаар нойргүй хонох нь энүүхэнд. Ялангуяа бага насны хүүхэд шумууланд хазуулсан бол уйлагнах, хазсан хэсгүүдэд хавдах, улайх гээд багагүй бэрхшээл тулгарах тул анхнаасаа энэ бүхнийг тооцоолж шумуулын тос, цацлага зэргийг бэлтгээрэй.
  • Гар чийдэн- Мэдээж аялалд зайлшгүй хэрэгцээтэй зүйлсийн нэг бол гар чийдэн. Төөрөхгүй байх, мэдэхгүй газраар бүрэнхийд явахад гар чийдэн танд хамгийн сайн хань болно.
  • Усны сав- Хөдөө гадаа явахад та боломжтой газраасаа цэвэр усны савандаа байнга ус авч яваарай.
  • "Харшлын багц сорил" тавиулж, харшилтай эсэхээ тодорхойлон хэрэв ямар нэгэн харшилтай бол мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч, амралтаараа харшлын зовуургүй өнгөрүүлээрэй. Харшилтай хүмүүсийн багагүй хувь нь ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр орчин солигдоход хамар битүүрэх, нус гоожих, нүд загатнах, нулимс гоожих зэрэг эхний шинж тэмдгүүд илэрч энэ үед ханиадтай андуурч буруу эмчилгээ хийх тохиолдол их байдаг.
  • Хачгийн вакцин хийлгэх- Хачигт энцефалит нь төв мэдрэлийн системийг гэмтээдэг флави вирусээр үүсгэгддэг ихэвчлэн мэнэн, тархины үрэвслээр илэрдэг. Өмнөх жилүүдтэй харьцуулахад энэ онд хачгийн идэвхжил өндөр байгааг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байгаа билээ. Хачигт энцефалитын вирусээр халдварлагдсан хачигт хазуулснаас хойш 7–14 хоногт өндөр халуурч чичрэх, толгой хүчтэй өвдөх, огиулах, бөөлжих, нуруу, хүзүүний булчин хүчтэй өвдөх, эрвэгнэх, чичрэх, татах зэрэг шинж тэмдэг илэрнэ. Зарим үед ухаан алдах, татах, хөөрлийн байдалд орох зэрэг шинж тэмдэг илэрдэг.Сүүлийн 10 жилд 10 аймгийн 29 суманд хачигт энцефалитын нийт 225 тохиолдол бүртгэгдсэн байна. Иймд та хөдөө аялалд явах, зусланд гарахаар төлөвлөж байгаа бол хачигт халдвараас сэргийлэх вакцинд заавал хамрагдаарай.

Анхаарал сэрэмжтэй аюулгүй сайхан аялаарай! Аяллын зам тань өлзийтэй байг!

Мэдээллийн ажилтан: 7701-1111

Яаралтай түргэн тусламж (24 цагаар ажиллана): 7700-0103

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл