Элгийг вирусээс гадна эмийн бодис, архи, элэгний өөхлөлт гэмтээдэг

“Интермед” эмнэлгийн гастроэнтеролог эмч, АУ-ны магистр Г.Сарантуяатай ярилцлаа.
 

-Элэгний В, С вирусын халдварлах зам адилхан биз дээ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Насанд хүрсэн хүмүүст хепатитийн В, С вирус адилхан шивээс, цус цусан бүтээгдэхүүн, зүү тариураар халддаг ч В вирус ялгаатай нь татуурга, шүдний сойз зэрэг ахуйн замаар дамждаг. Учир нь  хепатитийн В вирус гадаад орчинд ДОХ-ын вирусээс 100 дахин, С вирүсээс 10 дахин их тэсвэртэй, халдварлуулах чадвар өндөртэй. Тэгэхээр илүү аюултай вирус. Мөн хепатитийн В вирусын хувьд халдвар дамжих үндсэн зам нь вирустай ээжээс ураг, нярайд төрөлттэй холбоотой дамждаг.

-Танай эмнэлэг энэ халдвараас сэргийлэхэд ихээхэн анхаарал тавьж ажилладаг гэж сонссон. Энэ талаараа дэлгэрэнгүй танилцуулна уу?

-Хепатитийн В вирүсийн архаг халдвартэй хүмүүсийн 90-95% нь бага насандаа халдвар авсан байдаг тул бид В вирусын халдвараас сэргийлэхэд илүү анхаарч ажиллаж байна. В вирустэй ээжүүдээс төрж байгаа хүүхдүүдээ хамгаалах нь хамгийн чухал. Тэгж байж В вирусын тархалтыг бууруулж чадна.

Үүний тулд В вирустэй ээжийг жирэмсэн байх үеэс нь шинжилгээнд хамруулан, вирусын идэвхжилийг үздэг ба төрөх нярай В вирусын халдвар авах эрсдэл өндөр байна гэж үзвэл нарийн мэргэжлийн эмчийн хяналтад авдаг. Жирэмсний сүүлийн гурван сард В вирусын эсрэг эм уулгаад, хүүхдийг төрөнгүүт 12 цагийн дотор хепатитийн В вирусын эсрэг тарилга болон вакцин тарьдаг. Тэр хамгаалалт маш чухал. Ийм гурван давхар хамгаалалт хийж байж ээжээс төрөх хүүхдийг халдвараас хамгаалах боломжтой.
 

-Гэхдээ хүүхдийг төрмөгц В вирусээс хамгаалах вакцин хийдэг биз дээ?

-Хүүхэд төрмөгц вакцин хийдэг ч халдвараас бүрэн хамгааллаа гэсэн үг биш. Тийм вакцин хийлгэсэн хэрнээ хепатитийн В вирустэй хүүхдүүд байдаг. Хепатитийн В вирусээр цочмог өвдсөн л бол архагшчихлаа гэж ойлгоод байдаг. Гэтэл тийм биш.

Насанд хүрсэн хүн хепатитийн В вирусын халдвар авбал цочмогоор шарлаад улаан бурхан, салхин цэцэг шиг дархлаа тогтоод эдгэчих магадлал 90% байдаг. Гагцхүү дархлаа сул тохиолдолд цочмог халдвар архагшина. Харин хэдий бага насанд халдвар авах тусам төдий чинээ шарлалтгүйгээр архагших магадлал өндөр байдаг нь судалгаагаар батлагдсан байдаг.

-В нь илүү хоруу чанартай гэдэг?

-Хепатитийн С вирусээр өвчлөөд эдгэрлээ гэхэд элэгний эс дотор вирүсийн ген үлддэггүй. Тийм учраас С вирусын эмчилгээг гурван сар хийгээд зогсооход бүрэн эмчлэгдсэн бол С вирус дахин гарч ирэхгүй, айлтгүй. Дахиж л халдвар авахгүй бол өвдөхгүй. Гэтэл В вирусын халдвар бүр эсийн бөөм дотор нь ороод суучихдаг. Тэгэхээр насан туршдаа тэр эс дотроо байгаад байна. Хэзээ нэгэн цагт тэр вирус эргээд гараад ирэх буюу сэдрэх боломжтой гэсэн үг. В вирусын өвчлөл өөрөө нэлээн олон үе шаттай. В вируст хепатитийн эмчилгээ хийх шаардлагатай, эмчилгээ шаардлагагүй үе гэж байна.

-Халдвар авснаас хойш хэдий хугацааны дараа шинж тэмдэг илэрдэг вэ?

Халдвар авчихаад ямар ч шарлалтгүй, шинж тэмдэггүй явж байгаа үеийг нууц үе гэнэ. В вирүст хепатитийн үед нууц үе нь 180 хоног хүртэл байдаг.  Тийм учраас эмч нар өвчтөнийг үзэхдээ сүүлийн зургаан сарын хугацаанд цочмог халдвар авсан эсэх, цус цусан бүтээгдэхүүн, хагалгаа, шивээс хийлгэсэн эсэх, ийш тийшээ явсан эсэх зэргийг нарийн асуудаг.  

-Вирусийг идэвхжилтэй үед нь эмчилбэл үр дүнтэй болох уу?

-Хепатитийн В вирусын шалтгаант элэгний үрэвсэл, элэгний гэмтэл ихтэй үед вирусын идэвхжил ихтэй байдаг. Гэхдээ хэдийд эмчлэх тохиромжтойг лабораторийн шинжилгээн дээр үндэслэн тогтоох боломжтой. Түүнээс элэг дүлий эрхтэн болохоор өвдөхөөр нь эмчилнэ гэсэн юм байхгүй. Маш сайн эмчийн хяналтад байгаад, идэвхгүй үе дээрээ байсан ч элэгний вирустэй хүмүүсийг гурав юм уу зургаан сард нэг удаа шинжилгээ өг гэдэг. Ер нь бол вирус идэвхжээд ирэхээр ядарна уу л гэхээс өөрөөр мэдэгдэхгүй. Энэ үед шаардлагатай эмийг зохих тунгаар өгнө.

Хепатитийн В, С вирустэй хүмүүсийн эмчилгээ өөр. В вирустэй хүмүүс эмээ ууж байгаад огцом зогсоосон тохиолдолд вирус нь эргэж сэдрээд гараад ирэх магадлал өндөр.

-Вирусын идэвхжил дархлаа сулрахтай л холбоотой юу?

-Хэдийгээр дархлаатай холбоотой гэдэг ч  В вирус нь идэвхгүй үедээ гадны зарим нөлөөгөөр сэдэрч болно. Жишээ нь, хүмүүс янз бүрийн дархлаа дарангуйлах харшлын, дааврын эм болон уламжлалтын эм тан уух, мөн хими болон туяа эмчилгээ хийлгэх үед В вирус сэдрэх шалтгаан болдог. Тиймээс дээрх эмчлгээ хийлгэх шаардлагатай тохиолдолд вирус сэдрэхээс нь сэргийлж  В вирусын эсрэг эм өгдөг. Тийм болохоор хепатитийн В вирустэй хүмүүс эмчилгээ хийлгэхдээ эмчийн хяналтад байж, маш болгоомжтой хандах ёстой.

-Монголд В вирустэй хэчнээн хүн байдаг юм бэ. Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?

-Яг хүн амыг хамруулаад, эсвэл түүвэрлээд хийсэн судалгаа байдаггүй. Гэхдээ өөрсдийгөө харьцангуй эрүүл гэж боддог, харьцангуй эрүүл хүн амын дунд хийсэн нэгэн судалгаагаар, 9.5 хувь нь хепатитийн В вирустэй гэсэн судалгаа байдаг. Манайд 1992 оноос хойш В вирусын эсрэг вакциныг нярай болгонд хийж эхэлсэнтэй холбоотойгоор хүүхдүүдийн дундахь хепатитийн В вирусын тархалт харьцангуй багассан. Гэтэл вакцин хийгээд эхэлснээс хойш вакцинд хамрагдсан 5-7 настай хүүхдүүдийн дунд В вирус байхааргүй атал 5 хувьд нь байгаа нь эхээс нярайд дамжих халдвар хамгаалалт дутуу  байна гэсэн үг.

Түүнээс гадна зөвхөн хепатитийн В вирустэй хүмүүст халдварладаг элэгний Дельта вирус гэж бий. Зарим судалгаагаар, Монголд хепатитийн В вирустэй хүмүүсийн гуравны нэг нь хепатитийн Дельта вирустэй гэдэг байсан бол сүүлийн үеийн судалгаагаар 50-60 хувь нь гэсэн тоо гарсан. Дельта вирустэй  бол өвчин давшингуй явцтай богино хугацаанд цирроз, хавдар үүсэх эрсдэлтэй гэсэн үг.

-Энэ нь ямар учиртай вирус вэ. Аюултай гэсэн үг үү?

-Дельта вирус гэдэг нь мутацтай вирус. ДОХ, В, С вирус бол халдвар авсны дараа бие даан хүнийг өвчлүүлэх чадвартай бол дельта вирус бол тийм чадваргүй. Ганцаараа бие даагаад элэгний эсэд нэвтэрч чаддаггүй. Элгэнд нэвтэрч, элгийг гэмтээхийн тулд хепатитийн В вирусын уургийг ашигладаг. Тэгэхээр хепатитийн В вирусын халдвар авсан хүмүүс л энэ хепатитийн дельта вирусын халдварыг давхар авч өвчилдөг. Дельта вирусын халдвартай элэгний үрэвсэл гэдэг нь маш хоруу чанартай. Жишээ нь, ээжээсээ В вирус аваад төрсөн хүүхдэд явсаар 30-35 насанд нь цирроз оношлогдож эхэлдэг. Гэтэл дельта вирусын халдвар авсан тохиолдолд ердөө л таваас арван жилийн дотор цирроз руу шилждэг. Эрт, залуу насандаа циррозтой болсон хүмүүс голдуу хавсарсан вирустэй хүмүүс байгаа юм. Хепатитийн В, С вирусын эсрэг эм гэдэг шиг хепатитийн дельта вирусийг устгах эм одоохондоо дэлхийд байхгүй, туршилтын шатандаа явж байгаа. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эм байхгүй байгаа нь хамгийн аюултай. Зөвхөн гаж нөлөө ихтэй пэг-интерферон гэх тариагаар эмчлэгдэнэ.

-Энэ вирусийг шинжилгээгээр л илрүүлэх үү. Өөр ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй юү?

-Хепатитийн В, С вирус илрүүлэх шинжилгээгээр дельта вирус илрэхгүй. Тусдаа шинжилгээгээр илэрдэг. Ийм вирустэй хүмүүс яадаг гэхээр, В вирустэй гэж гардаг, вирусээ тоолуулахад ямар ч идэвхжилгүй хэрнээ элэгний үйл ажиллагаа үрэвсэл маш ихтэй байдаг болохоор их төөрөлддөг. Тиймээс хепатитийн В вирустэй хүмүүс дельта вирус байгаа эсэхийг шинжилгээгээр заавал үзүүлэх хэрэгтэй. Дэлхий дахинд хепатитийн дельта вирустэй бараг 20 сая хүн байдаг гэж ярьдаг. Харьцангуй цөөн ч ном сурах бичиг дээр их бичсэн байдаг. Турк, Герман, Зүүн өмнөд Азид их тархсан байсан бол одоо бараг байхгүй. 1990-ээд онд В вирусын эсрэг эм анх гарч ирэхэд эдгээр улсын иргэд ууснаар вирусээсээ салсан гэж үзэж байгаа. Харин баруун Европын Герман зэрэг улсуудад дельта вирусын тархалт нэмэгдэж байгаа. Тэр нь цагаачдын дунд халдвар өндөр байдагтай холбоотой гэсэн судалгаа бий.

Энэ вирусээс сэргийлэхийн тулд хепатитийн В вирусын эсрэг вакцин хийлгээд, В-гээр л өвдөхгүй бол аюулгүй. Халдах зам нь В, С вирустэй адилхан. Цус цусан бүтээгдэхүүнээр, бэлгийн замаар, бохирдсон арьс салстын гэмтлээр гэх мэтчилэн дамжина. Хепатитийн дельта вирусын халдвар тархалт Монголд их байдаг нь хамгийн их санаа зовоож буй асуудал. Монголд хепатитийн В вирусын эсрэг эмийг хямдхан оруулж ирж байгаа. С вирусийг устгах тал дээр ч тодорхой арга хэмжээ авч, өндөр үр дүнтэй эм удахгүй оруулж ирэх гэж байна.  

-Вирус тоолно гэдэг. Тоо нь өндөр байх тусам хавдар үүсэхэд нөлөөлнө гэсэн үг үү?

-Хепатитийн С вирустэй хүмүүсийн хувьд цирроз үүсээд улмаар хавдарт шилждэг. Харин хепатитийн В вирусын хувьд цирроз үүсэхгүйгээр зарим тохиолдолд хавдар үүсч болно. Элэгний хавдартай залуу хүмүүсийн ихэнх нь В вирустэй холбоотой. Вирусын идэвхжил ихтэй, элэгний АЛАТ, АСАТ өндөр байгаа хүмүүсийн вирусын тоо нь өндөр байх тусам хавдраар өвчлөх магадлал нь өндөр. Тийм учраас яаралтай эмчид үзүүлж, заалтын дагуу эмээ ууж эхлэн вирусынхээ тоог сайн бууруулж чадвал хавдрын эрсдэлийг бууруулж байна гэсэн үг. Тайваньд хийсэн судалгаагаар Хепатитийн В вирусын тоо нь цирроз үүсэх, хавдар болох эрсдэлд нөлөөлөөд байна гэдэг нь тогтоогдсон. Тийм болохоор хепатитийн В вирүсийн архаг халдварыг 4  шатанд ангилж, аль үе шатандаа ямар эмээр эмчлэхийг нарийвчлан гаргасан мэргэжлийн нийгэмлэгийн зөвлөмжийн дагуу эмчилгээг хийж байна.

-В вирусын эсрэг эмийг ууснаар вирус бүрмөсөн устах уу?

-Хепатитийн В вирусын эсрэг эм вирусийг бүрмөсөн устгахгүй, харин үржлийг нь зогсоож байдаг. Тэгэхээр хепатитийн В вирусын эсрэг эмийг хэзээ ууж эхлэх вэ гэдэг заалт нь маш чухал. Энэ эмийг нэг уугаад эхэлбэл 5-10 жил, эсвэл бүр насан туршдаа уух шаардлагатай болдог. Манайд хамгийн сүүлд оруулж ирсэн эм бол 2010 онд олон улсын стандартаар баталсан эм. Жирэмсэн ээж, 12-оос дээш насны хүүхэд ууж болдог. Энэ эмийг Монголд сая хөнгөлөлттэй үнээр сарынхыг нь 60 мянган төгрөгөөр оруулж ирсэн байгаа. Анх гурван сарын эмчилгээний эмийг гадаадаас 1000 доллараар авч уудаг байсан. Одоо бол сарынх нь 60 мянган төгрөг. Тэгэхээр зөвхөн С гэлтгүй, В вирустэй хүмүүс эмээ зөв цагт нь эмчийн нарийн хяналтан дор уувал элэгний өвчний хүндрэл болох цирроз, элэгний хавдраас сэргийлэх боломжтой. Ингэхээр 15-20 жилийн дараа манай улсад элэгний хавдрын өвчлөл буурна гэж тооцоолж байгаа.

-Элэгний вирусын халдвар, үрэвслээс урьдчилан сэргийлэхийн тулд дархлаагаа сайжруулж, ахуйн дэглэм сайн барих ёстой гэж ойлголоо?

-Элгийг зөвхөн вирус гэмтээдэг гэж ойлгож болохгүй. Элгийг вирусээс гадна эмийн бодисууд, архи гэмтээнэ. Элэгний өөхлөлт мөн нөлөөлнө. Тэгэхээр вирусээс бусад шалтгаанаас аль болох зайлсхийх хэрэгтэй. Хеапититийн В вирустэй ч одоогоор идэвхжилгүй байгаа гээд архи угаад байвал архины шалтгаантай элэгний гэмтэл хавсраад байна гэсэн үг. Янз бүрийн эмүүд, ялангуяа парацетамолыг өндөр тунгаар уувал, нэмэлт бүтээгдэхүүнүүд, уураг их хэмжээгээр уувал элэг гэмтээх шалтгаан болохыг үгүйсгэхгүй. Хүн болгонд элэгний гэмтэл үүсгэхгүй ч зарим хүнд элэг гэмтээх шалтгаан болж болно. Нөгөө талаас хортой химийн бодисууд, цавуу, будаг, тос тосон болон ууршимтгай химийн бодисуудтай харьцаж байгаа нөхцөлд хортой нөхцөл гэдэг утгаараа бас элэг гэмтээх боломжтой гэж үзэж байгаа.

Эцэст нь хэлэхэд, ядраад л байгаа хүн санамсаргүйгээр хепатитийн В, С вирусээ үзүүлээд, өвчнөө оношлуулаад байгаа. Урьд нь шарлаж байгаагүй гэдэг нь вирусын халдваргүй гэсэн үг биш. Багадаа халдвар авсан тохиолдолд шинж тэмдэггүйгээр архагждаг тул вирусын халдвартай эсэхээ шинжилгээ өгч байж мэдэх боломжтой. Вирустэй гэдгээ мэдэж байгаа хүмүүс л эмээ авч уугаад байгаа болохоос мэдэхгүй хүмүүс хугацаа алдаж, илүү хүнд үедээ оношлогдох эрсдэлтэй. Тэгэхээр жилд нэг удаа заавал эмчид үзүүлж шинжлүүлж байх ёстой. Үнэхээр хепатитийн В вирусын халдвар байхгүй бол ХӨСҮТ дээр очиж сайн дурын вакцинжуулалтдаа хамрагдаад, дархлаа хэр тогтсон бэ гэдгийг шалгуулж байх нь зүйтэй. Эрүүл хүмүүсч нэг удаа шинжилгээ өгөөд вирус байгаа эсэх дархлаа тогтсон эсэхээ шалгуулаад, дархлаажуулалт хамрагдаад явбал хепатитийн В ба Дельта вирүсээс сэргийлэх боломжтой юм.

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл