ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ МОНГОЛЫН АНХНЫ ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭГДСЭН ЭМНЭЛЭГ БОЛНО

Монголын хамгийн анхны олон улсын магадлан итгэмжлэгдсэн эмнэлэг болох хүндхэн шалгуурыг Интермед эмнэлэг амжилттай давлаа. Чикаго хотод төвтэй дэлхийн 100 гаруй орны эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилладаг 1994 онд байгуулагдсан JCI буюу Joint Commission International байгууллагын магадлан итгэмжлэлийн шинжээчид энэ сарын 15-19-ний өдрүүдэд тус эмнэлэгт ажилласан байна.

JCI байгууллага нь хүн бүрт чанарын өндөр түвшинд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлэхийг эрхэм зорилгоо болгосон. Тэд энэ зорилгоо биелүүлэх хамгийн оновчтой арга бол магадлан итгэмжлэл гэж үздэг. Үүний хүрээнд JCI нь үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг дээд зэргээр хангасан, тусламж үйлчилгээний чанарыг тогтвортой сайжруулахад чиглэсэн бүлэг стандартыг тогтмол боловсруулан гаргадаг байна. Эдгээр бүлэг стандартыг мөрдөн ажиллаж чадсан эрүүл мэндийн байгууллага нь JCI магадлан итгэмжлэлийн шалгалтыг амжилттайгаар давж, цаашид үргэлжлүүлэн стандартын дагуу үйл ажиллагаагаа явуулах хатуу үүргийг хүлээдэг аж.

JCI магадлан итгэмжлэлийг эмнэлгийн алтан стандарт хэмээн дэлхий нийтээрээ хэдийнээ хүлээн зөвшөөрдөг. Тиймээс ч JCI-аар итгэмжлэгдсэн эмнэлэгт Алтан тамга байршуулдаг бөгөөд энэ нь тухайн эмнэлэг чанартай, аюулгүй тусламж үйлчилгээ үзүүлдэг гэсэн баталгаа болохоос гадна тухайн эмнэлгийн тусламж үйлчилгээний чансааг харуулдаг байна.

Японы 18, Тайландын 52, БНХАУ-ын 60, ХБНГУ-ын 3, ОХУ-ын 2, БНЭУ-ын 28 байгууллага  энэ сорилтыг давж JCI-аар магадлан итгэмжлэгдсэн байдаг байна. 

Интермед эмнэлгийн Гүйцэтгэх захирал РАМСЭЙ ХАСАН: JCI ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙГ АВАХЫН ТУЛД МАНАЙ АЖИЛЧИН НЭГ БҮР ШАРГУУ АЖИЛЛАСАН

Интермед эмнэлэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн хамгийн анхны монгол эмнэлэг болох эхний даваагаа амжилттай давлаа. Олон улсын магадлан итгэмжлэл авна гэдэг нь монгол улсын иргэн бүрт дэлхийн хаана ч хүлээн зөвшөөрөгдөх аюулгүй, чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээг хүргэхэд бэлэн гэж хэлэхэд болно. Бид JCI байгууллагын 1100 шалгуур үзүүлэлтийг давж гараад байна. Өнөөдөр албан бус эхний хариугаа сонслоо. Хоёр шинжээч маань магадлан итгэмжлэгдсэн гэж хэлэхэд болно гэсэн таатай мэдээг дуулгалаа. Албан ёсны хариу ажлын 10 хоногийн дараа бидэнд ирнэ. Нэмж хэлэхэд Интермед эмнэлгийн эрхэм зорилго бол анагаах ухааны тэргүүний ололт дэвшлийг эх нутагтаа анхлан нэвтрүүлж, дэлхийн жишигт хүрсэн тусламж үйлчилгээг үзүүлэх юм. Бид эмнэлгийн  эхний 5 жилийн алсын хараагаа тодорхойлохдоо “үйлчлүүлэгчийн тэргүүний сонголт, хамт олны бахархал болж олон улсын JCI магадлан итгэмжлэлийг авсан үндэсний анхдагч эмнэлэг байна” гэж тодорхойлсон. Алсын хараагаа биелүүлж эхэлж байгаадаа баяртай байна. Мөн эмнэлгийн хамт олондоо маш их баярлалаа. Энэ магадлан итгэмжлэлд бид 2 жилийн өмнөөс бэлдэж хүн бүр дор бүрнээ хичээж ирсэн. Хамт олны минь шаргуу ажилласны үр дүн гарлаа.  

JCI ОУБ-ын шинжээч Доктор ВАКСМЭН: ИНТЕРМЕД ЭМНЭЛЭГ ОЛОН УЛСЫН МАГАДЛАН ИТГЭМЖЛЭЛИЙГ МОНГОЛД НЭВТРҮҮЛЭХ АНХНЫ ЖИМИЙГ ГАРГАЛАА

JCI байгууллага бол дэлхийн 60 гаруй орны 800 гаруй шилдэг эмнэлэгт магадлан итгэмжлэл олгосон олон улсын нэр хүнд бүхий байгууллага юм. Интермед эмнэлэг Монгол Улсаас хамгийн анхны JCI олон улсын байгууллагын магадлан итгэмжлэлийн хүнд шалгууруудыг давсан эмнэлэг боллоо. Ингэж олон улсын стандартад нийцсэн чанартай, аюулгүй, үйлчлүүлэгчээ дээдэлсэн эмчилгээ, үйлчилгээг үзүүлэх шаардлагыг бүрэн хангах шалгууруудыг давснаараа зөвхөн Интермед эмнэлэг бус Монгол Улсын эрүүл мэндийн салбарт нэгэн шинэ хуудас нээгдэж байна гэж би бодож байна. Монгол оронд ажиллах энэ өдрүүдэд цаг агаар тааламжтай сайхан байсан бөгөөд хүмүүс нь их найрсаг зочломтгой юм. Нэг зүйлийг онцолж хэлэхийг хүсч байна. Интермед эмнэлгийн эмч, сувилагч, үйлчлэгч, харуул гээд ажилтан нэг бүр нь дэлхийн жишиг алтан стандартын эзэн болохыг хүсэж байгаа нь тус эмнэлэгт ажиллах явцад ажиглагдсан. Би олон хөгжингүй орнуудад магадлан итгэмжлэлийн сорил хийж байсан. Анхны оролдлого хийж буй орон бүр л чин сэтгэлээсээ үүнийг авахыг хүсч хичээнгүй байдаг. Энэ мэдрэмжийг би Монголоос ч мөн адил мэдэрч чадсандаа баяртай байна. 

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл