Д витамины дутагдал сульдаа өвчний эх үүсвэр болдог

“Интермед” эмнэлгийн Хүүхдийн тасгийн  эмч, Клиникийн профессор, тэргүүлэх зэргийн эмч Д.Гэрэлмаатай Д витамины дутагдлын талаар ярилцлаа.

-Таныг Д витамины дутагдлын талаар судалгаа хийсэн гэж сонслоо. Манайд их байна уу. Энэ талаараа танилцуулаач?

-Би “Интермед” эмнэлэгт хоёр дахь жилдээ ажиллаж байна.

Өмнө нь ЭХЭМҮТ-д ажиллаж байсан. Монгол Улсын хэмжээнд 1998 оноос “ХӨЦМ буюу Хүүхдийн өвчний цогц менежмент”  гэдэг хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. Уг хөтөлбөр нь хүүхдэд илэрч буй өвчний  шинж тэмдгээр нь оношлох аргыг хэрэгжүүлэх  хөтөлбөр юм. Гэтэл энэ хөтөлбөрийн  хэрэгжүүлэх явцад нэлээд өөрчлөлт хийх шаардлага гарсаар байна. Жишээ нь манай улсад 2 жилийн өмнө л улаан бурхан өвчин устсан гэж үзээд энэ хөтөлбөрөөс хассан, гэтэл энэ жил энэ өвчин ахин сэргэлээ, мөн өмнө нь сульдаа, цус багадалт, тураал зэрэг өвчнийг уг хөтөлбөрт оруулаагүй байсан, гэтэл оруулах шаардлага гарсан.

Эмчилгээ хийхэд заавал нотолгоо, судалгаа хэрэгтэй.

Дээр дурдсанчлан нь ЭХЭМҮТ-ийн  хүүхдийн уушгины тасагт ажиллаж байх хугацаандаа энэ өвчнөөр эндэж байгаа хүүхдүүдэд судалгаа хийхэд ихэнх хүүхэд цус багадалттай, тураалтай, сульдаатай, өөрөөр хэлбэл рахит өвчтэй хүүхдүүд байсан. Ийм хүүхдүүд өвддөг, энддэг, эрсдэл нь илүү их нөлөөлөөд байсан учраас энэ хөтөлбөр дээр нэмж энэ гурван өвчнийг оруулах шаардлагатай болсон. Тэгээд хөтөлбөрийн дагуу бид бүх аймаг, сум, өрхийн эмнэлгүүдээр явж сургалт судалгаа хийж, урьдчилан сэргийлэх болон эмчилгээний тунгаар Д витаминыг хэрхэн яаж өгөхийг зааж сургалт хийсэн. Үүний үндсэн дээр манай улсад сульдаа гэдэг өвчин багасах  ёстой гэж үзсэн. Гэтэл сульдаа гэдэг өвчин витамин Д-г  урьдчилан сэргийлэх тунгаараа яг уугаад байвал үгүй болох хандлагатай байх ёстой атал эсрэгээр бүр ихдээд байгаа үр дүн гарч байна. Тэгэхээр бид яг юун дээр алдаад байгаагаа тодорхойлох ёстой зайлшгүй шаардлага бий болсон.

- Уг нь хүүхдэд ямар тунгаар өгөх ёстой байдаг юм бэ?

- 50 мянган нэгж л дээ. Гэтэл манайхан отор нүүдэл их хийдэг, сумын эмч дээрээ очиж чаддаггүй, мартдаг зэрэг шалтгаанаар зохих ёсоор уулгадаггүй учраас долоо хоногт хоёр удаа буюу даваа, пүрэв гаригт өгөх заалт гаргаж өгсөн.

“Интермед” эмнэлэгт ажиллаж эхэлснээс  хойш өнгөрсөн буюу 2014 оны   3-12 сарын хугацаанд манай эмнэлгээр үзүүлж үйлчлүүлсэн хүүхдүүдэд Д витамины дутагдал байгаа эсэхийг судлах нь зүйтэй гэж үзээд эцэг эхийн нь зөвшөөрөлтэйгөөр цусан дахь Д витамины хэмжээг шинжлүүлсэн. Гэтэл нийт 239 хүүхдэд шинжилгээ хийснээс 80 хувьд  нь уг Д витамины дутагдал илэрсэн.  Эцэг эхчүүдтэй нь ярилцах үед  эцэг эхчүүд нь “гадаадаас үнэтэй витаминууд хүүхдэдээ авчирч өгдөг” гээд л харуулж байдаг.  Орчин үед мэдээллийг маш олон сувгаар авдаг болж  өөрсдөө шууд аваад хүүхдэдээ өгөх нь сайн талтай болсон ч эдгээр  витаминууд нь манай монгол хүүхдүүдэд хир зохимжтой байгаа, яг хэрэгцээг нь хангаж чадаж байгаа эсэх нь тодорхойгүй байна. Иймээс ямар Д витаминыг яаж, ямар хэмжээгээр, хэд хоног уух вэ гэдгийг шинжилгээний үндсэн дээр  эмч нар нь шийдэж өгөх ёстой.

- Д витаминыг голлон нарнаас авдаг. Хотын хүүхдүүд бараг л гарахгүй, гэртээ компьютер шагайгаад суучихдагтай холбоотой биз. Гэтэл агаар салхитай хөдөөний хүүхдүүдэд яагаад тэгж их дутагддаг юм бол?

- Ерөнхийдөө Д витаминыг гол нь нарнаас арьсаараа дамжуулан авч байх ёстой. Монгол Улс маань өндөрлөг газар оршдог. 4 улиралтай, нар их гардаг гээд газар зүйн хувьд таатай нөхцөлд байдаг боловч хүүхдийг битүү хувцаслаж арьсыг нь наранд ил гаргахгүйн улмаас мөн хүүхдээ болон өөрсдөө харлаж борлоно гэдэг гоо сайхан байх шалтгаанаас наранд биеэ шарахгүй байгаагаас үүдэлтэй витамины дутагдал үүсч байна.  Хүүхдээ нар салхинд гаргахдаа аль болох арьсыг нь ил гаргаж нарыг зөв ашигладаг байх хэрэгтэй. Шалдан байг гэхэд шорт майктай явуулж баймаар байна.

Би нэг жишээ хэлье. Дорноговиос нэг ээж хүүхдээ авчирч үзүүлж байсан. Говийн, нартай, элстэй газрын хүүхэд л дээ. Гэтэл тэр хүүхэд таван настай ч явж чаддаггүй байсан. Манай малчдад нэг том дутагдал бий. Хүүхэд гэхээсээ илүү мал минь тарган байна уу гээд яваад байдаг. Хүүхдээ гэртээ цоожлоод шүү дээ. Тэр айл малаа л таргалуулаад яваад байсан болохоос хүүхдэдээ анхаарал тавьж чадаагүй. Тэгэхээр заавал хөдөө байснаараа хүүхэд эрүүл байна гэж хэлж болохгүй байгаа биз. Хир зэрэг арчилж байна, яаж өсөж байна гэдгээс шалтгаална. Тэр хүүхэд Д витамины дутагдалтай гарсан, эмчилгээг нь ээжид нь сайн зааж өгөөд явуулсан. Тухайн үед Д витаминыг тариагаар хийж өгч явуулсан.

Д витаминыг нарнаас гадна хоол унднаас бас авч болно. Загас, өндөг, сүүнд байна

- Д витамины дутагдал зөвхөн хүүхдэд байдаггүй биз дээ. Том хүмүүст ч дутагдана биз?

- Д витамины дутагдал зөвхөн хүүхдэд биш, том хүмүүст ч элбэг байна. Мөн төрөлхийн Д витамины дутагдалтай хүүхдүүд төрж байна. Сүүлийн үед бид дөнгөж төрсөн ээж нараас шинжилгээ авч үзэж байгаа. Хүний цусанд 30 микромоль байх ёстой атал гуравхан мокромольтой хүүхэд төрж байна. Энэ нь төрөлхийн Д витамины дутагдал. Ээж нь жирэмсэн үедээ Д витаминаа хангалттай авч чадахгүй  байна гэсэн үг. Жирэмсэн эхчүүдийн Д витаминыг үзэж байх ёстой. Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө. Жирэмсэн болсон хойноо Д витамин нь цусанд  хэд байна, хүүхдэд Д хангалтай байна уу гэдгийг үзүүлэх ёстой.

Ер нь 35 хүртэлх насандаа Д витаминаа сайн нийлэгжүүлж, нөөцөлж ав гэдэг. Тэрнээс хойш хэчнээн уугаад нэмэргүй гэдэг. Гол юм бол гараа наранд сайн борлуул.

- Д витамины дутагдлыг цусанд үздэг үү?

- Одоо бол цусанд шинжилгээгээр үзэж байгаа. Өмнө нь цусны шинжилгээ хийдэггүй зөвхөн  шинж тэмдгээр нь оношилдог  байсан. Одоо бидний хийж байгаа судалгаанд хүүхэд нярайн  тасгийн баг хамт олон,  лабораторийн эмч  нар бүгд оролцон ажиллаж байгаа. Бид баг болж ажиллаж байж дүгнэлтийг гаргана. Дараа нь бид шээсэнд сорил үзэх үү эсэх дээр судалгаа хийж байгаа. Өөр олон төрлийн нарийвчилсан  шинжилгээ байдаг. Эдгээрээс ч  бас хийе гэсэн бодолтой байгаа.  

- Д витамин дутагдахаар ямар шинж тэмдгүүд илэрдэг юм бол?

- Үндсэн дөрвөн шинж байдаг. Хөлрөх, яс нь зөөлрөх, шээс үнэртэй гарах, хүүхэд цочромтгой байх, зэрэг шинжээр ялган оношилдог. Хөлөрснөөс болж ар дагзаараа байнга шөргөөдөг. Рахиттай байвал эмчилгээний, рахитгүй бол урьдчилан сэргийлэх тунгаар өгдөг.  

Одоо бид манай Интермед эмнэлэг цусанд Д витаминыг үздэг болсноор их давуу талтай болж оношийг найдвартай яг тодорхой тавьж байна.

 - Хэдэн насны хүүхдүүд ихэвчлэн рахитаар өвчилж байна вэ?

- Энэ судалгаанд бид 1 сараас 2 нас хүртэлх хүүхдийг хамруулъя гэсэн боловч үзүүлэх гэж ирж байгаа хүүхдүүд тав, арав, бүр 16 настай байсан учраас 1-16 насны хүүхдүүдийг хамруулсан. Манайхан хүүхдэд 0-2 нас хүртэл Д витамин өгөөд больчихдог. Тэгээд л манай хүүхэд ядраад, сүүлийн үед хоол унданд дургүй болоод байна гэдэг. Д витаминыг нь үзэхээр дутагдалд орчихсон, 30 микромоль байх ёстой үзүүлэлт нь 2-3-тай гарч байх жишээтэй. Одоо бид тав хүртэл насны хүүхдэд Д витаминыг өгөхийг зөвлөж байгаа.  Гэхдээ ямар тунгаар гэдгийн эмч л шинжилгээний үндсэн дээр шийднэ.

- Рахит өвчний үр дагавар нь юу вэ?

- Хөл нь Х, эсвэл О хэлбэртэй майга болох, том толгойтой, шувуун цээжтэй гэх мэт ясны өөрчлөлтүүд нэгдүгээрт гарна. Энэ нь мэдээж гоо сайхны хувьд хүүхдэд хэцүү. Ийм хүүхдүүд хамгийн их өртдөг зүйл нь ясны сийрэгжилт буюу остеопороз өвчин. Ингэснээр яс хугарах, янз янзын гэмтэл авдаг. Хоёрдугаарт, Д витамины дутагдлаас болж амьсгалын замын өвчнөөр өвчлөмтгий байдаг. Уушгины хатгалгаа аваад байна, байнга ханиад хүрээд байна гэдэг бол  Д витамины дутагдалтай холбоотой. Д витамины дутагдлаас болж хүүхдийн дархлаа их сулардаг. Ингэснээр нөгөө л гурван суурь өвчин, сульдаа, цус багадалт, тураалд хүргэнэ.

Зарим том хүүхдийг үзэхэд цээж нь мурийж сарийсан, төмбийсөн, хонхойсон байдаг. Тэгээд ээжид нь рахиттай байна гэхээр итгэдэггүй, үгүй л гээд зүтгээд байдаг. Гоо сайхан талаас нь харвал хүүхэд өсч том болно, гоё цээжтэй байхыг хүснэ. Тэр болгоныг багаас нь бодож анхаарч байх хэрэгтэй санагддаг.

- Орчин үед монголчууд, ялангуяа хотынхон хүүхдэдээ гадаадын янз бүрийн аминдэм их өгдөг болсон. Д витамин ч өгч харагддаг. Тэр нь хир нөлөөлдөг юм бол?

- Америкаас авчирсан эм гээд уудаг. Тэр дотор Д витамин ердөө 400-хан IU. Энэ нь урьдчилан сэргийлэх тун. Тэр хүүхэд аль хэдийнээ эмчилгээний тунгаар Д витамин авах болчхоод байхад урьдчилан сэргийлэх тунгаар өгөөд нэмэргүй. Ер нь Д витамины дутагдал Монгол Улсад маш их газар авч байна. Хэн дуртай нь юу дуртайгаа ууж байгаа энэ үед  яваандаа Д витаминыг яаж авч, өгөх ёстой, алийг нь уух ёстойг ялгаж мэдэхгүй хэмжээнд хүрэх нь. Зөв, бурууг эмч л хэлж өгнө. Тиймээс хүүхдээ өөрсдөө дур мэдэн оношилж хэрэгтэй хэрэггүй витамин өгөхөөсөө өмнө эмнэлэгт хандаж цусан дахь Д витамины хэмжээг нь тодорхойлж байгаасай гэж эмч хүний зүгээс зөвлөж бас хүсэж байна даа.

- Биднийг багад рахиттай хүүхдийг наранд, элсэн дээр тоглуул гэдэг байж билээ?

-Одоо ч тэгж зөвлөдөг. 9-11, 13-15  цагийн хоорондын нарыг хамгийн сайн нар гэдэг. Хүүхдийг наранд шарахыг тулд хамгийн сайн шингээж чадах юм нь элс болов уу даа. Тайван тоглох, тухтай байх, зөөлөн байдаг болохоор тэгдэг байх.

- Түүнээс гадна Д витамины илүүдэл гэж байх уу?

- Д витамины илүүдэл бас хэцүү л дээ. Д витаминаа яаж ууснаас, яаж авснаас шалтгаална. Хүүхэд ааштай, уйланхай, цочромтгой болох зэрэг олон шинж тэмдгээр илэрнэ. Саяын судалгааны үеэр Д витамины илүүдэлтэй хүүхэд хоёр гарсан. Тэр хүүхдүүд Д витаминыг өндөр тунгаар удаан хугацаагаар уусан байсан. Бид Д витаминаа уухаа зогсоо гэсэн.

- Хараад байхад Д витамин олон янз байдаг л даа. Аль нь сайн байдаг юм бэ?

- Усан, спиртэн, сиропон, таблеткан, фтортой, фторгүй гээд олон янзын Д витамин байгаа. Фтортой Д гэдэг нь хүүхдийн шүдний ургалт, өнгө, ясжилтад нөлөөлдөг учраас уудаг. Гэхдээ тэр бүгдийг эмчийн заалтаар л уух ёстой. Манайхан интернет, сайтаас мэдээлэл их авдаг болсон болохоор дураараа, янз янзын юм аваад ууж хэрэглэдэг. Эм гэдэг бол эмчийн зохицуулж өгөх ёстой хүний биеийн эрүүл явах хэрэгцээ. Тийм учраас витамин уухдаа орц, тунгийн нь харах хэрэгтэй. 

7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл