Хоол боловсруулах эрхтэн судлал - Дурангийн төв


Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эрхтэн судлал – Дурангийн төв нь хоол боловсруулах тогтолцооны өвчин эмгэгийн оношилгоо эмчилгээг уян дуран, дуран-рентген, дуран-эхо хавсарсан багаж, хэвлийн эхо, компьютерт томографи, соронзон резонанст томографи зэрэг тоног төхөөрөмжийг ашиглан үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангасан, тав тухтай орчинд найдвартай, өндөр чанартай тусламж үйлчилгээг үзүүлэхээр ажиллаж байна.

Тус төв нь Япон улсын “OLYMPUS” брэндийн сүүлийн үеийн загвар болох EXERA-III дурангийн иж бүрдлээр бүрэн тоноглогдсон ба Герман улсын “ERBE” брэндийн VIO 300C загварын Аргон түлэгч бүхий коагуляцийн аппаратыг дурангийн эмчилгээнд ашиглаж байна. Мөн Герман улсад үйлдвэрлэсэн INNOVA E3 DH загварын дуран ариутгагч, Япон улсын “OLYMPUS” Ultrasonic багаж хэрэгслийн ариутгагч, Герман улсын “MMM” брэндийн Formomat PL 349-1 загварын хийн ариутгагч төхөөрөмжүүдийг суурилуулсан бөгөөд өрөө, тасалгааны агааржуулалт, гэрэлтүүлэг, дулаан нь европ стандартаар хийгдсэн онцлогтой.

Уян дурангийн цэвэрлэгээ, халдваргүйтгэлийг олон улсын болон Монгол улсад мөрдөх хууль тогтоомжийн дагуу технологийн өндөр төвшинд хийхийн зэрэгцээ дурангийн халдваргүйтгэлийн чанарын хяналтыг тогтмол хийдэг.

Бид дурангийн шинжилгээний үед үйлчлүүлэгчийн аюулгүй байдлыг хангах үүднээс ходоод, гэдсийг тэлж хийлэхэд нүүрсхүчлийн хийг, халдварын эрсдэлийг бууруулах зорилгоор олон удаагийн биш зөвхөн нэг удаагийн багаж хэрэгслийг ашиглаж байна.

 

Монгол улсад шинээр нэвтрүүлсэн технологиуд

Тайвшруулалттай дуран

Хоол боловсруулах замын уян дурангийн шинжилгээ нь үйлчлүүлэгчид гэдэс дүүрч цанхайх, огих, хэвлийгээр хөндүүрлэх зэрэг тавгүй мэдрэмж үүсгэж, айдас түгшүүр бий болгодог ба энэ нь дурангийн оношилгооны гүйцэтгэл, чанарт сөргөөр нөлөөлдөг.

Олон улсын эмнэл зүйн практикт тусгайлан сургагдсан эмч сувилагчийн баг хоол боловсруулах замын оношилгоо, эмчилгээний дурангийн үед аюул, эрсдэл багатай хөнгөн зэргийн тайвшруулалтыг хийж гүйцэтгэдэг. Энэ тусламж үйлчилгээг Интермед эмнэлгийн Хоол боловсруулах эмгэг судлал - Дурангийн төвд үйлчлүүлэгчид зовуур шаналгаагүй, айдас түгшүүргүй нөхцөлд чанарын өндөр төвшинд хийж байна.

Ходоодонд бөмбөлөг байрлуулан тураах эмчилгээ

Энэ нь уян дурангаар ходоодонд зориулалтын бөмбөлгийг 3-12 сарын хугацаатай байрлуулан тураах эмчилгээний арга юм. Энэхүү багц эмчилгээнд хамрагдсанаар үйлчлүүлэгч нэг жил хүртэлх хугацаанд дурангийн ажилбараас гадна нарийн мэргэжлийн эмчийн хяналт, хоол зүйчийн зөвлөгөөний дагуу турах боломжтой.

Дурангийн оношилгоо, эмчилгээнд нүүрс хүчлийн хийг ашиглах

Дурангийн оношилгоо, эмчилгээнийн үед ходоод, гэдсийг тэлж хийлэхэд тасалгааны агаар хэрэглэдэг байсан ба сүүлийн жилүүдэд үйлчлүүлэгчийн аюулгүй байдал талаасаа сайтар судлагдан тогтоосон нүүрсхүчлийн хийг (СО2) өргөн хэрэглэх болсон. Нүүрсхүчлийн хий нь азотын хийтэй харьцуулахад эрхтний ханаар 160 дахин хурдан шимэгддэг ба дараах давуу талуудтай. Үүнд:

  • Шатамхий хий биш тул тэсрэх эрсдэлгүй, ажилбарын үед аюулгүй нөхцлийг бүрдүүлнэ.
  • Хөндийт эрхтний ханаар хурдан шимэгддэг тул ажилбарын үед болон ажилбарын дараах үед үйлчлүүлэгч зовиур багатай ба цусаар дамжин, амьсгалаар хурдан гадагшилж ялгардаг.
  • Ходоод, гэдэсний хөндийг хангалттай хурдан тэлж, дуранг чиглүүлэх, салст бүрхүүл харагдах байдлыг сайжруулна.
  • Судас тэлэх үйлчилгээ нь чацархайн цусан хангамжийг сайжруулдаг.

Хоол боловсруулах замын дурангийн хэт авиан шинжилгээ (EUS буюу endoscopic ultrasonography)

Интермед эмнэлэг 2019 оноос дуран-эхо хавсарсан шинжилгээг Монгол улсад анх удаа хийж эхэлсэн ба энэхүү багажийг дараах тохиолдолд ашиглана. Үүнд:

  • Хоол боловсруулах замын салстын доорх үүсгэврийн дархарга, эхо зураглал, судасжилт зэргийг ялган оношилно.
  • Шаардлагатай тохиолдолд өөрчлөлттэй голомтоос эсийн шинжилгээ (EUS guided fine needle aspiration) авна.
  • Цөсний замын саад, нойр булчирхайн голомтот эмгэгийг ялган оношилж, эсийн шинжилгээ авах боломжтой.
  • Хоол боловсруулах замын салстын гаралтай хорт хавдрын үе шатыг тогтооно.

Уян дурангаар шамбарамын зангилаа боох болон хатаах эмчилгээ

Мэс заслын бус буюу амбулоторийн дурангийн эмчилгээнд шамбарамын зангилааг судас боох ба судас хатаах гэсэн 2 аргаар эмчилнэ. Судас боох нь харьцангуй хялбар, хурдан үр дүнтэй ажилбар ба дурангаар шамбарамын зангилааг латекс боолтоор боож, эдийн цус хомсдол үүсгэж сорвижуулснаар хөвсгөр биеийг хошногоны хананд бэхэлнэ. Судас хатаах аргыг шамбарамын I ба II үед хийх ба дурангаар салстын дор зориулалтын уусмал тарьж сорвижуулж, булчин давхаргатай нь барьцалдуулж, бэхэлдэг.

Тусламж үйлчилгээ

Хоол боловсруулах эрхтэн судлал - Дурангийн төв нь амбулатори, дуран, өдрийн эмчилгээ ба хэвтэн эмчлүүлэх тасагт дараах чиглэлээр тусламж үзүүлэхийн зэрэгцээ үйлчлүүлэгч, түүний гэр бүлд эрүүл мэндийн зөвлөгөө өгч байна.

Зонхилон тохиолдох эмгэгийн оношилгоо, эмчилгээ

  • Улаан хоолойн үрэвсэлт эмгэг
  • Хелико-нянгийн шалтгаант ходоодны үрэвсэл
  • Ходоодны шархлаа
  • Кроны өвчин
  • Бүдүүн гэдэсний шархлаат өвчин
  • Цөсний хүүдийн үрэвсэл
  • Нойр булчирхайн үрэвсэл
  • Элэгний үрэвсэл
  • Элэгний цирроз
  • Элэгний өөхжилт
  • Хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааны хямрал

Хоол боловсруулах эрхтний хорт хавдрын урьдал эмгэгийг илрүүлэх, хянах

  • Вируст гепатит ба элэгний хатуурал
  • Баррет улаан хоолой
  • Хеликонянт хатангирт гастрит
  • Архаг нойр булчирхайн үрэвсэл
  • Бүдүүн гэдэсний шархлаат үрэвсэл
  • Кроны өвчин

Уян дурангийн оношилгоо

  • Хүүхдийн дуран
  • Улаан хоолой, ходоод, 12 хуруу гэдэсний дурангийн шинжилгээ
  • Бүдүүн гэдэсний дурангийн шинжилгээ
  • Цагаан мөгөөрсөн болон гуурсан хоолойн дурангийн шинжилгээ
  • Цөс, нойр булчирхайн замын дуран-рентген хавсарсан шинжилгээ
  • Эдийн болон наалдцын шинжилгээ авах
  • Элэгнийи биопси авах ажилбар
  • Гуурсан хоолойн шүүрлийн бактериологийн шинжилгээ авах
  • Дуран-эхо хавсарсан багажаар хоол боловсруулах замын салстын доорх үүсгэврийн ялган оношилгоо
  • Дуран-эхо хавсарсан багажаар цөсний зам, нойр булчирхайн голомтот эмгэгийн ялган оношилгоо
  • Дуран-эхо хавсарсан багажаар хоол боловсруулах замын хавдрын үе шат тогтоох

Уян дурангийн эмчилгээ

  • Ур авах
  • Эрт үеийн хавдрын үед салст хуулах
  • Цөс, нойр булчирхайн замын чулуу авах, тэлэгч тавих
  • Цөсний зам-хамрын гуурс байрлуулах
  • Улаан хоолой, ходоодны өргөссөн венийн судас боох
  • Улаан хоолой, ходоодны өргөссөн венийн судсанд хатууруулах тариа хийх
  • Хоол боловсруулах замын нарийсал тэлэх
  • Хоол боловсруулах замын нарийсалд тэлэгч тавих
  • Ахалазын үед баллоноор тэлэх болон ботокс тарих
  • Аргон плазм коагуляцаар түлэх эмчилгээ
  • Ходоодонд тэжээлийн стомын гуурс байрлуулах
  • Хамар-өлөн гэдэсний тэжээлийн гуурс байрлуулах
  • Ходоодонд бөмбөлөг байрлуулан тураах эмчилгээ
  • Уян дурангаар шамбарамын зангилаа боох болон хатаах эмчилгээ

Уян дурангийн яаралтай тусламжийн үйлчилгээ

  • Хоол боловсруулах болон амьсгалын замын цус алдалтыг зогсоох эмчилгээ (түлэх, тарих, хавчаар тавих, судас боох, аргон плазм коагуляцаар түлэх эмчилгээ)
  • Хоол боловсруулах болон амьсгалын замаас гадны биет авах
  • Мэс заслын үеийн дурангийн шинжилгээ
  • Төвөгтэй тохиолдолд цагаан мөгөөрсөн хоолойд интубацын гуурс тавих

Эмч мэргэжилтнүүд

Цэрэнчимэдийн Сарантуяа

Хоол боловсруулах эмгэгийн эмч

АУ-ны доктор, Дэд профессор

Танилцуулга үзэх

Батмөнхийн Энхжаргал

Дотрын тасгийн эрхлэгч

Анагаах ухааны доктор

Танилцуулга үзэх

Гидаагаяагийн Сарантуяа

Хоол боловсруулах эрхтний эмч

АУ-ны доктор

Танилцуулга үзэх

Бямбадоржийн Тунгалаг

Хоол боловсруулах эмгэгийн эмч

Танилцуулга үзэх
7701-1111

Мэдээллийн ажилтан

7700-0103

Яаралтай тусламж

8008-1919

Байгууллагатай холбоотой мэдээллийг

Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 15, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

Утас Хаяг Хайлт Хэл