Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Самалдгийн архаг томролтыг радио долгионоор эмчлэх нь

“Интермед” эмнэлгийн Чих, хамар, хоолойн эмч Д.Сарантуяатай ярилцлаа.

– Эн тэргүүнд самалдаг гэж хаана байрладаг, ямар үүрэгтэй эрхтэн бэ гэдгээс яриагаа эхлэх үү?

Хамрын 2 талын хажуу хананд урдаас хойш сунаж байрласан зайдас хэлбэрийн дотроо дун хэлбэрийн ястай гадуураа салст бүрхэвчээр хучигдсан бүтэц байдаг бөгөөд 2 талын хажуу хана тус бүр доод, дунд, дээд самалдгууд байна. Самалдгууд нь хамраар дамжин урсаж буй агаарыг дулаацуулж, чийгшүүлэхэд тусалдаг. Самалдаг хэтэрхий том бол агаарын урсгалыг хааж болно.

-Тэгвэл энэ нь хамар битүүрүүлдэг шалтгаан байх нь ээ?

Хамар битүүрүүлдэг маш олон шалтгаан байдаг. Харшил ба харшлын бус шалтгаант хамрын хөндийн салстын үрэвсэл (Ринит), Хамрын дайвар хөндийнүүдийн салст бүрхэвчийн үрэвслүүдээс (Риносинусит), зарим дархлааны өвчнүүд , зарим өвөрмөц халдварууд тухайлбал: ДОХ, сүрьеэ, тэмбүү гэх мэт халдварын үед хамрын салст удаан хугацаагаар үрэвсэлтэй байснаас самалдгийн салстын архаг хөөнгөшил томролт үүснэ. Мөн зарим тохиолдолд самалдгийн ясны төрөлхийн хэлбэрийн өөрчлөлттэй байх, хамрын хөндийн хортой ба хоргүй хавдрууд, гадна гаднын биет орох зэрэг олон шалтгааны улмаас бөглөрч болно. Тиймээс юуны түрүүнд мэргэжлийн эмчид хандаж, зөв онош тогтоолгоод, зөв эмчилгээ эхлүүлэх хэрэгтэй. Шаардлагатай бол нэмэлт оношилгоонуудыг хийлгээд эмчилгээний аргаа сонгоно.

– Радио давтамжит эмчилгээний тухайд?

Эмийн эмчилгээ үр дүнгүй бол томролттой самалдагт мэс ажилбар, мэс заслууд хийнэ. Самалдаг багасгах олон мэс заслын аргууд байдаг ч сүүлийн үед радио давтамжаар самалдгийн салстыг түлж агшааж, жижгэрүүлэх мэс заслын аргыг олон улсад илүүтэй хэрэглэж, эхний арга болгон сонгож байна.

– Радио давтамжийн тусламжтайгаар самалдгийг багасгах эмчилгээний талаар жаахан дэлгэрүүлж яриач?

– Энэ эмчилгээ нь хамрын бөглөрөлттэй өвчтөнүүдэд маш үр дүнтэй. Амбулаторийн нөхцөлд, хэсгийн мэдээ алдуулалттайгаар хийх боломжтой. Энгийн дэвшилттэй, хүндрэл багатай гэдгээрээ давуу талтай. Дулааны үйлчилгээгээр самалдгийн салстыг дотор талаас түлж байна гэсэн үг. Гэхдээ радио давтамж харьцангуй бага температур гаргадаг учраас самалдгийнхаа салст бүрхэвчинд харьцангуй бага гэмтэл учруулдаг. Үүний дараа салст бүрхэвчийн өөрийгөө цэвэрлэдэг, цэвэршүүлдэг үйл ажиллагаа хурдан сэргэж ирдэг. Уг хүндээ бол хагалгааны дараах зовуур багатай. Өөрөөр хэлбэл, үр дүн сайтай, хагалгааны дараа эмчийн хяналтад байх хугацаа богино. Манай эмнэлэг радио давтамжийн монополяр хошуу ашиглаж , 30 градусын дурангийн хяналт дор мэс заслаа хийж байна. Бусад орны судлаачдын судалгаагаар өвчтөнүүд хагалгааны дараах 3 сараас эхлэн 76 хувьд нь ямар нэг хүндрэлгүй маш сайжирсан үр дүн гарсан байна.

Самалдаг тайрах (турбинопласти) хагалгааны үед унтуулгатай орно, хамар дотор 2 өдөр чихээс тавьдаг ба хагалгааны дараа цус алдах эрсдэл байдаг болохоор эмчийн хяналтад байна, нэлээн их тав үүсдэг учраас эмнэлгийн нөхцөлд ирж тодорхой хугацаанд цэвэрлүүлж байж шарх эдгэдэг. Харин радио давтамжийн тусламжтайгаар самалдаг багасгахад сорви үүсдэггүй, тав бага үүсдэг бөгөөд гурван сарын дотор самалдаг улам агшаад, үр дүн нь маш сайн болдог.

– Энэ эмчилгээг хийснээс тодорхой хугацааны дараа дахих магадлал бий юу?

– Энэ эмчилгээг олон улсад их хийж байгаа болохоор янз бүрийн судалгаа олон хийгдсэн байна. Урт хугацааны туршид мэс заслын үр дүнд хийсэн судалгааг харахад, зарим тохиолдолд, хоёр жилийн дараагаас ямар нэг хэмжээгээр хамар дахин битүүрч эхлэх тохиолдол байдаг гэж бичсэн байна. Гэхдээ тэр нь хувь хүний амьдралын хэвшил, суурь өвчинтэй холбоотой байна. Тухайлбал, харшилтай, тамхи татдаг, таргалалттай бол үүнээс болоод салст эргээд хөөж тодорхой хэмжээгээр битүүрч болдог юм байна. Тиймээс эдгээр асуудлыг давхар анхаарч, хорт зуршлыг болиулах, таргалалтыг бууруулах маягаар хамт хянаад явдаг юм байна. Бид ч мөн ийм чиглэлээр давхар ажиллана.

– Манайханд нэг буруу зуршил бий. Хамар битүүрэнгүүт эмчид үзүүлэлгүйгээр эмийн сангаас дур мэдэн дусаагуур аваад хэрэглэчихдэг?

– Хамарт дусаадаг, цацдаг хоёр төрлийн эмүүд бий. Цацлагаар судсыг шууд агшааж  хамар онгойлгодог эмнүүд байдаг. Мөн хамрын хөндий рүү цацдаг стероид буюу гормоны эмнүүд байдаг. Тэгэхээр хамрын судас агшаадаг, хамрын битүүрлийг шууд онгойлгодог эмүүдийг ер нь богино хугацаагаар хэрэглэх ёстой. Шинж тэмдгүүдийг хурдан багасгаад өгчихдөг болохоор хүмүүс удаан хугацаагаар, бүр сар жилээр хэрэглээд л яваад байдаг. Тэр эмүүдийг 10-аас илүү хоног хэрэглэх ёсгүй. Дусаах болгонд судас нь агшаад хамар онгойгоод байгаа ч гэсэн судас агшаагч эм нь өөрөө самалдгийн цочромтгой байдал, хөөнгөшлийг улам ихэсгээд , эмийн ийм буруу хэрэглээнээс болж салст өөрөө улам хөөгөөд, томроод байдаг. Тэгэхээр хэсэг хугацааны дараа нөгөө дусааж байгаа эмээ дусаагаад ч хамар онгойхоо болино. Энэ нь цаашид хагалгаанд орох заалт болж байгаа юм.

Нөгөө төрлийн стероид буюу гормоны цацлагын тухайд, харшилтай, хамрын хөндийн салстын хурц болон архаг үрэвсэлтэй хүмүүс эмчийн хяналттайгаар тодорхой хугацаанд хэрэглэдэг. Хамрын битүүрлийг шууд онгойлгодог эм бол биш. Удаан хугацаанд тэр цацлагыг цацаж байж хамрын салстын хөөнгөшил, хаван, үрэвсэл намдаж, үр дүнгээ өгдөг. Улирлын чанартай харшилтай, хамар бөглөрч зовуур өгдөг хүмүүс харшлаа эхлэхээс өмнө урьтаж мэргэжлийн эмч дээр очиж эмчилгээгээ эхлэх ёстой. Тэгснээр эмчилгээ үр дүнгээ өгч, харшлын үед шинж тэмдэг, зовуур бага байдаг.

Хамрын цацлагыг удаан хугацаагаар буруу хэрэглэснээс болоод хамар нь улам битүүрэх зовууртай хүмүүс ирдэг. Нарийн мэргэжлийн эмчид үзүүлж, буруу хэрэглэж байгаа хамрын цацлагаа зогсоох хэрэгтэй. Тэгээд зөв эмийн эмчилгээ эхлэх хэрэгтэй. Хэрэв тодорхой хугацааны дараа үнэхээр сайжрахгүй бол дараагийн эмчилгээний арга буюу мэс ажилбараас сонгон эмчилдэг юм.

– Хамар удаан хугацаагаар битүү явах нь бусад эрхтэнд нөлөөлнө биз дээ?

Хамар битүүрэлт нь хүн хүчилтөрөгчөө бүрэн авч, бүрэн амьсгалахгүй байна гэж үзэж болно, ядаж л шөнө сайн амарч чадаагүйгээс болж ядарна, толгой өвдөнө, хамар ам хоолой хуурайшна, ажлын бүтээмж муутай байна. Цаашлаад тархи, уушги, зүрх судасны системд муугаар нөлөөлдөг. Мөн хамар битүү удаан явах нь дайвар хөндийнүүдийн үрэвслийн (гайморит) нэг шалтгаан болдог. Гайморит гэдэг шүү дээ. Дайвар хөндийн агааржилт буурснаар тэр хөндийнүүд рүү халдвар орох эрсдэл ихэсдэг. Залгиур хоолой үрэвсэх, дунд чихний үрэвсэлд өртөмтгий болж болохоос гадна гайморитаа удаан хугацаагаар эмчилгээгүй явах, дархлаа сулрах зэргээс дайвар хөндийнүүдийн үрэвслийн хүндрэл үүсвэл тархи, нүдний хүндрэлүүд үүсдэг аюултай. Тиймээс хамар битүүрэх нь амьдралын чанарт маш их нөлөөлдөг учраас эртхэн арга хэмжээ авч, эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

Эх сурвалж: ikon.mn

Та сонирхсон мэдээллээ доорх холбоосоор аваарай.

Чих, хамар, хоолой, Радиологи

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос