Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

“Интермед” эмнэлэг Ангиографийн тасагтай боллоо

Орчин үеийн стандартыг эх орондоо нэвтрүүлсэн жишиг эмнэлэг болох “Интермед” энэ удаа Ангиографийн тасгаа нээж, үйл ажиллагаагаа өргөтгөв. Ингэснээр үйлчлүүлэгчдэд нэг дороос цогц эмчилгээ үзүүлэх нөхцөл бүрдэж байгаа юм.

Ангиографийн буюу судсан дотуурх оношилгоо, эмчилгээ Монгол Улсад хэдийн нэвтэрч, хөгжиж, нутагшсан. Зүрх судасны тогтолцоо,  төв мэдрэлийн тогтолцоо, толгой, хүзүүнээс эхлээд хэвлийн хөндийн эрхтнүүдийн оношилгоо, зарим төрлийн хавдрын эмчилгээнд тэргүүлэх салбар болтлоо хөгжиж байна.  Судсан дотуурх оношилгоо нь анх зөвхөн оношилдог, түүний дараа хагалгаа хийх асуудлыг шийддэг байсан бол орчин үеийн шинжлэх ухаан, техник-технологийн хөгжлийн явцад судасны нарийсал, бөглөрөл болон төрөлхийн гажгуудыг оношлоод шууд үргэлжлүүлж хөнөөл багатай мэс ажилбар хийж эмчилдэг болсноороо онцлог. Мэс заслын том шарх үүсгэдэггүй, дийлэнхдээ ерөнхий унтуулга хэрэглэдэггүй учраас “бага хөнөөлт” эмчилгээний аргад тооцогддог.

“Интермед” эмнэлгийн Ангиографийн тасаг нээгдсэнээр зүрхний хурц шигдээс, зүрхний архаг ишеми өвчин болон элэг бусад эрхтний хавдрын тэжээгч судас боох эмчилгээ, судасны бусад оношилгоо, эмчилгээг орчин үеийн тоног төхөөрөмж, мэргэшсэн нарийн мэргэжлийн эмч нарын багийн тусламжтайгаар нэг дор цогцоор шийдэх боломжтой болж байгаа юм.

Түүнчлэн захын судас, артери, вений судасны нарийсал, бөглөрлийг хөнөөл багатай мэс заслын аргаар, оношилгоо, эмчилгээ хийгдэнэ.

 

Манай улсад хүн амын нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог зүрх судасны өвчин, тэр дундаа зүрхний титэм судасны нарийсал, судасны бөглөрөл, шигдээсийн өвчлөл, нас баралт хүн амын дунд 46 хувийг эзэлдэг байна. Гэхдээ сүүлийн жилүүдэд энэ төрлийн өвчнөөс үүдэлтэй нас баралт хоёр хувиар буурчээ. Энэ нь зүрхний хурц шигдээс болоод архаг ишеми өвчний үед судсыг нь тэлж, стэнт тавих судсан дотуурх мэс засал, эмчилгээг 24 цагийн дотор яаралтайгаар хийж, амь насыг нь аварч чаддаг болсонтой холбоотой юм байна.

Монгол улсад 2000 оны сүүлээс албан ёсоор Ангиографийн нарийн мэргэжлийн эмч бэлдэж эхэлсэн бөгөөд анх 10 орчим эмч суралцсаны хоёр нь “Интермед” эмнэлгийн зүрх судас, ангиографийн багт одоо ажиллаж байна. Анхны суралцагч Х.Батмягмар эмч гэхэд зүрх судасны ангиографийн урдаа барьдаг эмч, эмнэлэгтээ энэ эмчилгээг удирдахаас гадна зүрх судасны багийг ахлаад явдаг.

Ангиографийн нэг гол эмчилгээ бол элэгний хавдрыг тэжээж байгаа судсыг боох юм. Манайхан элэгний хавдар боолгох гэж ярьдаг даа. Сүүлийн хэдэн жил нас баралтын тэргүүлэх таван шалтгааны нэг болоод байгаа өвчин бол яах аргагүй хавдар. Хавдар дотроо элэгний хавдар тэргүүлдэг. Элэгний хавдрын өсөлт, ургалт, хөгжлийг багасгаж байгаа эмчилгээний гол арга нь судас боох эмчилгээ. Зөвхөн боохоос гадна элэгний хавдрыг өндөр давтамжтай цахилгаан дулааны нөлөөгөөр түлэх эмчилгээний аргыг мөн хэрэглэдэг. Энэ хоёр чиглэл бол ангиографийн оношилгоо, эмчилгээний тасаг дээр тасралтгүй хийгдэж байна. Хавдрын судас боох эмчилгээ болоод бусад эрхтний хавдрын судсан дотуурх оношилгоо эмчилгээг Ангиографийн тасгийн эрхлэгч Ш.Батнасан эмчээр ахлуулсан баг хийдэг.

Тус эмнэлэгт элэг, цөс, нойр булчирхай, хоол боловсруулах замын эмч нарын баг, дурангийн төв бий. Энэ чиглэлийн Хавдрын эмчилгээ, мэс заслын том баг байна. Элэгний хавдрыг эмчилж байгаа арга нь ганцхан ангиографиар хийдэг судас боох болон түлдэг эмчилгээ биш юм. Ямар тохиолдолд хагалгаанд оруулах вэ, яавал судас бөглөх, ямар хүнд түлэх эмчилгээ хийх вэ гэдгийг цаг алдалгүй багаараа ярилцаад, олон улсын удирдамж, зөвлөмжийн дагуу шийдчихэж байгаа учраас энэ өөрөө цогц эмчилгээ болчхож байгааг тодотгох хэрэгтэй.

Ангиографийн тасгийн эмч Ш.Батнасан нарийн мэргэжлийн бас нэг эмчилгээ хийдэг. Тэрбээр 2017 оноос хойш захын судасны хөгжлийн гажиг буюу малформацтай тохиолдлууд дээр склероз эмчилгээ хийж байна. Энэ нь зарим тохиолдолд склероз эмчилгээ, судас бөглөх эмчилгээг мэс заслын эмчилгээтэй хавсарч хийхэд илүү үр дүнтэй байна гэсэн судалгаа байдаг. Түүний хяналтад ийм өвчтэй хүүхэд нэлээн хэд бий. Энэ эмгэг нь төрөлхийн судасны гаж хөгжил бөгөөд хүнд хэлбэрийн, дээд доод мөч эсвэл биеийн аль нэг хэсгээс хамарсан судасны эмгэг байх юм бол эмчилгээ хийхэд маш төвөгтэй, тухайн эрхтнийхээ бүтэц, хэлбэрийг алдагдуулсан том хэмжээтэй өөрчлөлт үүсдэг. Тэгэхээр энэ эмчилгээг өвчтөнд бага хөнөөлтэйгөөр шийдэх боломжтой болж, судсан дотуур эмчилдэг аргыг нэлээн хэдэн жилийн өмнөөс нэвтрүүлэн хийж ирсэн. Энэ эмчилгээгээ тэрээр үргэлжлүүлээд явах юм. Мөн сахарын өвчин, бөөрний архаг дутагдалтай хүмүүст судасны нарийсал, бөглөрлийн  асуудалтай тулгарах нь их байдаг. Эдгээрийг оношлох, сэтгүүрдэх, нээх эмчилгээний аргуудыг хийж байна.

Цаашид тус тасагт мэдрэлийн ангиографийн оношилгоо, эмчилгээг хийхээр төлөвлөж байгаагаа ч эмч нар хэлж байна. Боловсон хүчнээ бэлдсэний дараа үе шаттайгаар хийх гэнэ.

Ангиографийн тасаг оношилгоо, эмчилгээний маш сайн аппарат, тоног төхөөрөмжтэй. Хамгийн сүүлд “Филипс”-ийн 2 тубтэй буюу шинжилгээний үед хоёр өөр байрлалаас зэрэг зураг авах чадалтай ангиографийн аппарат оруулж ирсэн. Энэ нь эмчлүүлэгчид очих рентген туяаны ачааллыг хамгийн бага түшинд байлгах боломжтой юм байна.

Үүн дээр “Интермед” эмнэлэгт байдаг маш олон орчин үеийн техник, тоног төхөөрөмжийг нэрлэж болно. ЭХО, MRI, CT гээд зүрх судасны дүрс оношилгооны том төв байна. Нэг ёсондоо зөвхөн ангиографиар оношлох боломжгүй бол CT-гээр, эсвэл MRI-аар оношилж, нэгийгээ нөхдөг цогц ажиллагаатай. Тодруулбал, оношилгооны тоног төхөөрөмж, аппарат, шийдвэр гаргах баг, мэргэшсэн эмч бүгд нэг дор байна. Өвчтөн нааш цааш явж, цаг алдахгүй, бүх оношилгоо нэг дор хийлгэх нөхцөл бүрдсэн гэсэн үг. Энэ бүхний эцэст, оношоо зөв тавивал эмчилгээгээ цаг алдалгүй сонгоод явчих бүрэн боломжтой. Энэ бол тус эмнэлгийн гол зорилт юм.

Маркетингийн алба

Хүний нөөцийн алба

Борлуулалтын алба

Зөвхөн байгууллагатай холбоотой мэдээллээр хандана уу!

Худалдан авалтын алба

Яаралтай тусламж, Дүрс оношилгоо 24 цагаар ажиллаж байна
Шуурхай холбоос