Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Хортой хавдар гэдэг бол унтаад босоход л үүсчихдэг өвчин биш
Нийтэлсэн огноо: 2016-09-05

Сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүдийн хавдрын дунд хөхний хавдрын эзлэх хувь эрс өсөж байгааг мэргэжлийн байгууллагууд их ярих болжээ. Энэ талаар  “Интермед” эмнэлгийн мэс заслын эмч А.Болдтой ярилцсанаа хүргэе.

– Хавдар гэдэг үгийг сонссон хэний ч сэтгэл сэрт хийдэг. Хавдрын өвчлөл ихсээд байгаа учир шалтгааны талаар их ярьдаг ч улам л нэмэгдээд байх шиг?

-Хүмүүс хавдар гэдэг үгийг сонсоод сэтгэлээр маш ихээр унадаг. Унтаж сэрээд л гэнэт энэ өвчнийг туссан юм шиг боддог. Тэгээд л яаруу түргэн гадагшаа явъя гэдэг. Нэг хэсэг нь хамгийн ойр, бас визгүйгээр нь Бээжин явж байхад Солонгос, Тайванийг зорих нь ч бий. Ингэхдээ хавдрыг мэс заслаар авахуулж болно, харин хагалгааны дараах гам, дэглэм, эмчилгээг  маш сайн барих, хийлгэх ёстойг мэддэггүйгээс нэлээд хүнд байдалд ордог. Гадаадад очоод хагалгаа хийлгэлээ гэхэд эргээд хяналт байдаггүй. Буцаж ирээд хавдар дээр очиж хяналтад ордог ч ачаалал маш ихтэй байдгаас асуудал их үүсдэг.

Гурван сая хүн амтай Монгол Улсын хэмжээнд 200-хан ортой хавдрын ганц эмнэлэг байна. Миний өмнө нь 19 жил ажилласан хавдрын эмнэлгийн цээжний хөндийн мэс заслын тасаг гэхэд 10-хан ортой. Хавдрын эмнэлэгт ажиллаж байхад хөхний хавдрын хагалгаа жилд 80-120 орчим хийдэг байсан. Тэгвэл одоо долоо хоногт доод тал нь 5-6 хөхний хавдар авч байна гэж ярьж байна. Гурван сая хүн амтай оронд жилд 200 гаруй мэс засал хийнэ гэдэг маш өндөр тоо шүү дээ. Хөхний хорт хавдрын өвчлөл бол улсын хэмжээнд эмэгтэйчүүдийн хорт хавдрын өвчлөлийн тавдугаар байрт явж байгаа.

-Хөх уг нь ил эрхтэн. Тэр тусмаа хүн анзаарах ёстой байтал хугацаа алдаж байгаа нь хэнэггүй зантай холбоотой юм болов уу?

-Яг зөв. Манайхан хөхөө тэмтэрч мэддэггүй. Ерөөсөө анзаардаггүй. Хөхний хавдрыг бараг нөхөр нь оношилж өгдөг байх жишээтэй. Тэгэхээр өөрийгөө анзаардаггүй, эрүүл мэндээ анхаардаггүй энэ шалтгаан явж явж хүнд байдалд оруулж байна.

Өнөөдөр над дээр 62 настай нэг хүн ирлээ. Баруун хөхний хорт хавдраа 2011 онд Таиландад очиж авахуулсан байгаа юм. Тэнд туяа эмчилгээ, хими эмчилгээ хийлгэсэн. Гэтэл одоо цээж нь битүү хавдартай. Хаана хандахаа мэдэхгүй байна гэсээр орж ирсэн. Ийм хэмжээнд тархсан хавдар эдгэх нөхцөл тун бага. Энэ тохиолдолд өвчнийг намдааж хөнгөвчлөх эмчилгээ л хийнэ. Гэтэл бодит байдалтайгаа ер эвлэрэхгүй, ойлгохгүй байгаа юм. Яагаад гэвэл, Таиландууд ерөөсөө л та эдгэнэ гээд толгойд нь суулгачихсан. Тэгээд одоо Тайланд явна гэхээр, мөнгө байхгүй. Тэнд очиж хагалгаа хийлгэснээс хойших дөрвөн жилийн хугацаанд зарах боломжтой бүх юмаа зарсан гэж байгаа.

-Хөхний хавдрын хагалгааг “Интермед”-д амжилттай хийж байгаа тухай олон хүнээс сонссон?

– Гол нь энд хөхний хавдрын нарийн шинжилгээнээс авахуулаад ЭХО, компьютер томограф, маммограф гээд оношилгооны бүх л шаардлага хангасан тоног төхөөрөмж аппаратууд байна.

Интермед” эмнэлэгт бүх төрлийн оношилгоог хийж байна. Өндөр хүчин чадалтай лаборатори, хамгийн сүүлийн үеийн аппликейшн бүхий аппарат, тоног төхөөрөмжүүд нь байна. Хагалгаа хийх бүх л бололцоо, нөхцөл нь байна, боловсон хүчин нь байна. Өвчтөний тав тухыг хангасан орчин нь байна. 

Манай эмнэлгийн хувьд Европ стандартын дагуу  баригдсан олон шинэ стандартуудыг нэвтрүүлж буй эмнэлэг. Гадаадын улс орнууд, Солонгос, Сингапур, Бээжинд хаана ч очсон манай эмнэлгийн үзүүлж буй үйлчилгээтэй ижил үйлчилгээг л авна. Харин ч гадаадын эмнэлгээс авах үйлчилгээгээ эх орондоо эх хэлээрээ авбал цаг хугацаа, мөнгө хэмнэхээс гадна хамгийн гол нь мэс заслын эмчилгээний дараах хяналт, эмчилгээг  цаг алдалгүй аваад явах боломжтой.

Нөгөө талаар эд эсийн оношилгоогүйгээр хавдрын хортой, хоргүйг зөвхөн барьж тэмтрээд тодорхойлох ямар ч нөхцөл байхгүй. Эмч үзэж, хортой хоргүйг ялгахын тулд заавал эд эсийн шинжилгээ авах шаардлагатай болдог. Хортой бол мэс заслын эмчилгээ хийнэ. Эрхтэн хадгалах, эрхтэн хадгалахгүй байх гэж хоёр төрлийн мэс заслын аль нэгийг хийнэ. Тэгээд булчирхайнуудыг түүнэ. Хагалгааны дараа химийн эмчилгээ хийнэ. Ингэж нэгээс хоёр эмчилгээ цогц болж байж эдгэх асуудал яригдана. Химийн эмчилгээнээс гадна шаардлагатай бол туяа эмчилгээ хийнэ. Мөн шаардлагатай бол дааврын эмчилгээ хийнэ. “Интермед” эмнэлгийн хувьд туяанаас бусад бүх эмчилгээг хийх боломжтой. Хортой хоргүй хавдрыг ялгах  эд эсийн шинжилгээг ЭХО хяналттай болон рентген хяналттай хатгалт хийж авч байгаас гадна  жижиг зүслэг хийж бас авч байна. Манай эмнэлэг эд эсийн шинжилгээний иж бүрэн лабораторитой. Уг шинжилгээг мөн л олон улсад яаж хийдэг вэ тэрэн шиг л хийж байна, оношийг  бүрэн баталгаажуулж өгч байна.

-Хөхөнд хавдар үүсэхэд нөлөөлөх хүчин зүйлс нь юу вэ? Үр хөндөлт, гэмтэл орох уу?

-Эмэгтэй хүнд хөхний хавдар шууд удамшина гэж байдаггүй, нөлөөлөх магадлалтай юм л гэж үздэг. Харин хөхний хавдар үүсгэх магадлалыг өндөрсгөдөг нөлөөлөх хүчин зүйлс их. Архи, тамхи, буруу хооллолт, дааврын зохицуулаггүй хэрэглээ, үр хөндөлт,  зулбуулах эм түүнчлэн жирэмслэлтээс хамгаалах эмийг удаан хэрэглэх , таргалалт, гээд тоочвол олон. Ялангуяа дааврыг манайхан маш замбараагүй хэрэглэж байна. Залуухан охид жилд хэд хэдэн удаа абортонд орж байна. Эсвэл хэт залуудаа, эсвэл хэт хожуу бэлгийн амьдралд орох нь хөхний хавдрын гол шалтгаанууд болдог. Мөн 25-30 насны бүсгүйчүүд архи, тамхийг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд өвчлөл нь тэдэн хувь нэмэгдэнэ гэсэн судалгаа байдаг. Та нар бааранд нэг ороод хараарай. Үйлчлүүлэгсдийн 70-80 хувь нь 20- 30 насны бүсгүйчүүд архи, шар айраг уугаад сууж байна. Ид төрөх насныхан шүү дээ. Ийм байхаар яаж эрүүл байх тухай ярих вэ дээ.

-Хөхөө шалгах тухайд та түрүүнд ярьсан. Яаж шалгах ёстой вэ?

-Хөхөө тэмтэрч бай гэхээр, яаж гээд гайхаад байдаг. Их энгийн шүү дээ. Усанд орохдоо шингэн савангаар цээжээ дээрээс доош, доороос дээш нэг тэмтрэх, тэгээд толинд хоёр хөхний хэмжээ ижил байна уу гэдгийг харахад  л болно, хэцүү биш.

Энэ нь 35-аас дээш насны эмэгтэй хүмүүст маш их хамаатай. Хөх бэрсүүтэх, арьс нь зузаарах, шахахаар сувгаас нь цусархаг юм гараад байх нь үзүүлэх заалт болдог. Ийм шинжүүдийг мэдсээр байж үзүүлэхгүй яваад байдаг нь хэнэггүйнхи. Хөхөнд ямар нэг өвчин, бэрсүү, хатуу товгор байх ёсгүй. Ийм өвчин, товгор мэдрэгдвэл л хамгийн түрүүнд мэргэжлийн эмчид үзүүлэх ёстой. Тэгээд тодорхой шинжилгээнүүд өгч, хортой, хоргүйг нь ялгаж өгөх ёстой. Хавдар жижиг үедээ ямар ч өвчингүй байдаг, томроод ирэхээр өвчин ордог. Гэтэл хавдартай хүмүүсийн дийлэнх нь, 75-80 хувь нь өвчин орчихсон үед, хожуу шатандаа оношлогддог.

Хөхний хавдар, умайн хүзүүний хавдар давхар явагдаад байдаг. Умайн хүзүүний шинжилгээ өгөхдөө л хөхнийхөө зургийг авахуулж, эсвэл ЭХО-д харуулж байвал урьдчилан сэргийлэх боломжтой.

Энд анхааруулж хэлэхэд, өвчнийхөө оношийг нарийн мэргэжлийн эмчээр хийлгээгүйгээс андуурагдах явдал бий. Ялангуяа цэвэршилт эрт явагдаж байгаа үед эгзэгтэй байдаг. Нүүр халуу дүүгж, даралт нь ихсэн, бачимдаж эхлэхээр бамбай гээд оношилчих жишээтэй. Энэ үедээ хөхөө сайн анзаарч байх нь чухал.

-“Интермед” эмнэлгийн бас нэг давуу тал нь өвчтөний түүхийг 90 жил хүртэл хадгалах боломжтой гэж сонссон. Тэгэхээр эмчид үзүүлэхээр явахдаа заавал карт, авахуулсан зургаа авч явах гэж хайх хэрэггүй нь?

-Өвчтөн орж ирэхэд нүүрийг нь харж, зовуурыг нь сонсох биш, бүх шинжилгээ, зураг, эмчилгээг хараад явна. Кодоо хэлэхэд л ямар шинжилгээ өгсөн, хариу нь яаж гарсан, ямар эмчилгээ хийсэн, одоо ямар төвшинд байгаа гээд л бүх мэдээлэл гарч ирнэ.

Манай эмнэлэгт үйлчлүүлсэн хүмүүсийн тухай анх үзүүлснээс нь хойших бүх мэдээллийг дотоод сүлжээгээр татаад үзчих боломжтой. Тэгээд улирал улиралд авахуулсан зургийг нь харьцуулчихна. Энэ бүх мэдээлэл 70-90 жил хадгалагдах баталгаатай. Манайд өөр газар авахуулсан СД-г хүртэл мэдээллийн системдээ хуулаад оруулчихдаг байгаа. Хяналтын явцад байхад бүх шинжилгээ, зургийг харж, тухай бүр нь анхааруулаад байна гэсэн үг.

Манай эмнэлэг дотоод сүлжээтэй учир бид их амар болчхоод байгаа юм. Урд нь бид өвчтөн хавдартай байлаа гэхэд тэр үүсгүүрийг угаасан зурган дээрээс л хардаг байлаа.  Гэтэл одоо бид дотоод сүлжээндээ байгаа зургийг илүү сайн томруулж харах боломжтой. Энэ яг хаанаа ямар үүсгүүр байна гээд л. Тэгээд бас дотоод сүлжээнд нэг орсон л бол улирал тутамд зургаа авахуулж хадгалж явсаар байгаад тэр болгоныг харьцуулж хянаж боломжтой болдог гэсэн үг юм.  Гэтэл эмнэлгийн мэдээллийн нэгдсэн систем байхгүй газруудад  маммографийн зураг нь л байхгүй бол  харьцуулалт хийж хяналт хийхэд хэцүү болдог. Урд авахуулсан зургаа гээж үрэгдүүлсэн тохиолдолд нотолгоо байхгүй болохоор үнэн чанартаа харьцуулж үзэх юмгүй болдог. Энэ нь өвчний явц болон эмчилгээг хянахад хүндрэлтэй байдаг.  

Хортой хавдар гэдэг бол унтаад босоход л үүсчихдэг өвчин биш гэдгийг хэлсэн. Нэг жижигхэн юм хэдэн жилийн хугацаанд өссөөр,  томорсоор л байдаг.  Сүүлдээ  энэ нь эмгэг эсийн ургалт болоод хортой хавдар болчхоод байгаа юм. Иймээс миний дээр дурдсан хавдар үүсгэх магадлалыг өндөрсгөдөг эрсдэлт зан үйлээс хол яваасай гэдгийг л чухалчилмаар байна.

Энэ бүхний эцэст хэлэхэд, хавдрын өвчнийг хэчнээн эрт оношилно, төдийчинээ тавилан сайтай. Эхэн үед нь оношилбол 90 хувийн эдгэрэх магадлалтай. Тэгэхээр өвчлөхгүйн тулд, нэгэнт өвчилсөн бол эрт илрүүлэхийн тулд өөртөө анхаарал тавих нь л хамгийн сайн арга юм даа. 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+