Хеликобактерийн халдварын үед өгөх зөвлөмж

Хеликобактерийн халдвар гэж юу вэ?

Хеликобактери пилори нь спираль хэлбэртэй, нэг талын төгсгөлдөө шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг үрэвсэл, шархлаа, хавдар үүсгэгч нян бөгөөд өөрөөсөө олон төрлийн фермент болон шархлаа үүсгэх хор ялгаруулдаг.

Хөгжингүй орнуудад 12-аас доош насны хүүхдийн 10-аас бага хувь халдвар авсан бол, хөгжиж буй орнуудад тархалтын төвшин харьцангуй өндөр байна.

Халдвар дамжих зам

Халдвар дамжихад амьдралын нөхцөл, ариун цэврийн дэглэм чухал нөлөөтэй. Гэр бүлийн гишүүдийн дунд болон эцэг эхээс хүүхдэд халдвар дамжих нь элбэг. Тиймээс гэр бүлд хэн нэгэн уг халдвараар өвчилсөн бол нийт гэр бүлийн гишүүдээ шинжилгээнд хамруулах хэрэгтэй.

Ам-амны зам:

Хүүхдээ хооллохдоо халбагатай хоолыг нь өөрөө амандаа үмхэх, зажилж өгөх, соска нь унахад эх, эцэг нь амандаа үмхээд эргээд хүүхдэдээ хөхүүлөх зэрэг нь халдварыг шууд дамжуулж байдаг.

Өтгөн-амны зам:

Өтгөнөөр бохирдсон ундны ус, гараар дамжин халдварлана.

Эмнэлгийн нөхцөлд:

Багаж, тоног төхөөрөмжийг дутуу цэвэрлэж, ариутгасантай холбоотойгоор үүсдэг.

Шинж тэмдэг

Ихэвчлэн шинж тэмдэггүй явагддаг бөгөөд зарим тохиолдолд доорх шинжүүд илэрнэ. Үүнд:

  • Хоолонд дургүй болох
  • Цанхайх
  • Биеийн жин буурах
  • Амнаас эвгүй үнэртэх
  • Хооллох үед болон шөнийн цагаар хэвлийгээр өвдөх
  • Дотор муухай оргих
  • Бөөлжих шинжүүд илэрвэл хеликобактерийн халдварын шинж байж болох тул та эмчид хандах хэрэгтэй.

Хеликобактерийн халдварыг оношлох аргууд

1. Өтгөнд хеликобактерийн антиген илрүүлэх

2. Амьсгалын сорил

3. Ходоодны дуран

4. Дуранд суурилсан уреазын түргэвчилсэн сорил

5. Нян өсгөвөрлөх

6. Цусанд хеликобактерийн эсрэг бие илрүүлэх зэрэг шинжилгээнүүдийг хийдэг.

Эдгээрээс эмч танд болон таны хүүхдэд хамгийн тохирмжтой эрсдэлгүй, хялбар шинжилгээний аргыг зөвлөх болно.

Шинжилгээнд хамрагдахын тулд та юу анхаарах хэрэгтэй вэ?

  • Өтгөнд нян илрүүлэх болон амьсгалын сорил хийлгэх бол сүүлийн 2 долоо хоногт ходоодны хүчил бууруулах эм хэрэглээгүй байх /омепразол, пантопразол гэх мэх/
  • Эмчилгээний үр дүнг хянах бол эмчилгээ дуусаад хамгийн багадаа 2 долоо хоног болсон байх

Хооллолтонд анхаарах зүйлс

Ходоодны хүчил ялгаралтыг ихэсгэдэг хүнсний бүтээгдэхүүнээс татгалзах хэрэгтэй. Тухайлбал:

  • Төрөл бүрийн хоол амтлагч, сүмс
  • Цэвэр сүү
  • Түүхий ногоо
  • Исгэлэн жимс
  • Өөх тостой мах гэх мэт.

Хеликобактерийн халдвараас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

  • Аяга халбага тусдаа байх
  • Гараа сайтар угаах
  • Түүхий, ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, ундны ус хэрэглэхгүй байх
  • Хоол хүнсээ бүрэн боловсруулж идэх
  • Шүдний сойзоо тогтмол солих (Хеликобактерийн эмчилгээ хийлгэж дууссан бол хуучин сойзоо солих)
  • Гадуур хооллохоос зайлсхийх. Хэрэв зайлшгүй гадуур хооллох шаардлага гарвал цэвэр орчин сонгох эсвэл нэг удаагийн аяга, халбага, сэрээ хэрэглэх нь таныг халдвар авахаас сэргийлнэ.

IH-PED-0068-M-PEM-001

7701-1111

Operator

7700-0103

Emergency

8008-1919

Organizational service

Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 15, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

Phone Address Search Language