Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Урьдчилан сэргийлэх төв жилд 30,000 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай боллоо
Нийтэлсэн огноо: 2025-01-22

Д.Ариунжаргал:  Урьдчилан сэргийлэх төв л гэхэд жилд 30,000 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай боллоо

“Интермед” эмнэлгийн Урьдчилан сэргийлэх төв, Хөдөлмөрийн эрүүл мэндийн тасгийн эрхлэгч Д.Ариунжаргалтай ярилцлаа.

 

-“Интермед” эмнэлэг Урьдчилан сэргийлэх төвийн үйл ажиллагаа, хүчин чадлаа нэмэгдүүлсэн гэсэн. Өдөрт хэчнээн хүнд үйлчлэх боломжтой вэ?

-Манай төв 2014 оноос хувь хүн, албан байгууллагын ажилтнууд, уул уурхайн байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийн үзлэг, ажил мэргэжлийн тохирооны үзлэгийг чанарын өндөр түвшинд мэргэшсэн баг хамт олон эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тусламж үйлчилгээг тасралтгүй хүргэсээр байна. Энэ жил өргөтгөлийн барилга шинээр ашиглалтад орсноор тасгийн хүчин чадал нэмэгдсэн. Өмнө нь жилдээ 15000 гаран хүнд үйлчилдэг байсан бол одоо жилдээ 30000 үйлчлүүлэгч хүлээн авах хүчин чадалтай боллоо. Мөн нарийн мэргэжлийн 10 эмч, 13 сувилагч, хоёр хоол зүйч, хоёр хөтөчтэй. Интермед төв  эмнэлгээс гадна Сүхбаатар салбар, Сонгинохайрхан салбар, Өмнөговь аймгийн Цогтцэций салбар, Дархан салбаруудад үйлчилгээ үзүүлж байна.

-Хөдөлмөрийн эрүүл мэндийн тасаг ямар үйлчилгээ үзүүлдэг вэ?

-Мэргэжлээс шалтгаалсан эмгэг судлахуй нь анагаах ухааны нэгэн өвөрмөц салбар бөгөөд энэхүү салбарын үндсэн чиг үүрэг нь ажлын байрны сөрөг хүчин зүйлс нь хүний эрүүл мэндэд нөлөөлснөөр үүсэх мэргэжлээс шалтгаалах өвчнөөс сэргийлэх, эрт илрүүлэх, хөдөлмөр зохицуулга хийх зэрэг олон талт асуудлуудыг авч үзэхэд оршдог ба бид энэ цогц асуудлуудыг “Хөдөлмөрийн эрүүл мэндийн тандалтын хөтөлбөр” гэж нэрлэдэг. Хөдөлмөрийн эрүүл мэндийн хөтөлбөрийн гол зорилго нь мэргэжлээс шалтгаалах болон ердийн өвчний улмаас хөдөлмөрийн чадвар алдалт, тухайн байгууллагад ажлын цагийн алдагдал үүсэх эрсдэлийг бууруулах юм.

Бид уул уурхайн 180 гаруй байгууллагатай хамтран ажиллаж байна. 2017 оноос хойш “Оюутолгой” ХХК-ийн ажилтнууд болон туслан гүйцэтгэгч байгууллагын ажилтнуудын эрүүл мэндийн үзлэгийг хийж эхэлсэн. Мөн “Энержи Ресурс”, “TTJCVO”, Диспетчерийн үндэсний төв, УБЦТС, “MCS-Кока Кола” ХХК зэрэг 2000 гаруй ажилтантай байгууллагуудын ажилтнуудын хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэг, үзлэгийн тайлан, эрүүл мэндийн хөтөлбөрийг хариуцан ажиллаж байна.

-Хөдөлмөрийн эрүүл мэндийн тасгаар ихэвчлэн ямар байгууллагууд үйлчлүүлдэг вэ?

-Хөдөлмөрийн эрүүл мэндийн тасагт голдуу үйлдвэр, барилга, уул уурхайн ажилчид үйлчлүүлдэг. Энэ хугацаанд бид уушги тоосжих өвчний урьдчилсан онош тогтоосон 10 гаруй тохиолдол байдаг. Мэргэжлийн сөрөг хүчин зүйлд үйлдвэрийн тоос, дуу чимээ, доргион, ионжуулагч цацраг, өндөр нам температур, химийн хортой бодис, биологи, эргономик, сэтгэл зүйн хүчин зүйлс ордог. Мөн доргионы өвчин, шуугианы гаралтай сонсгол бууралт, нүдний даралт ихсэлт, салстын архаг үрэвсэл, үе мөч, нурууны өвчин, хөлийн судасны бүдүүрэл зэрэг өвчин орно. Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл, үйлдвэрийн орчны аюултай хортой хүчин зүйлийн улмаас мэргэжлээс шалтгаалах өвчний эрсдэл бий болдог. Ажилтан нь хөдөлмөрийн аюулгүй байдлын дүрмийг баримтлаагүй, мөн байгууллага нь эрүүл ахуйн шаардлага хангасан ажлын орчин бүрдүүлээгүй, чанартай багаж, хувцас хэрэглэлээр хангаагүй зэргээс болж эдгээр өвчлөл үүсдэг. Тухайлбал, үйлдвэрийн тоосжилт ихтэй орчинд ажилласнаас болж уушги тоосжих өвчин үүснэ. Энэ нь яваандаа хавдар болох эрсдэлтэй. Иймээс уг өвчин оношлогдсон тохиолдолд ажилтныг тоосжилттой орчноос өөр ажлын байранд шилжүүлэх хөдөлмөр зохицуулалтыг хийх ёстой. Байнгын чимээ шуугиантай газар ажиллахад мэргэжлээс шалтгаалах сонсгол бууралт үүснэ. Урт хугацаандаа дүлийрэх эрсдэлтэй. Бид шинжилгээнд хамрагдсаны дараа байгууллагуудад хөдөлмөрийн эрүүл мэндийн үзлэгийн тайлан гаргаж өгдөг. Манай эмнэлэгт тогтмол давтамжтай үзүүлснээр ажилтны сонсгол, хараа, уушгины багтаамжийн үзүүлэлтийг харьцуулж динамик өөрчлөлт илэрч байгаа эсэхийг мэдэх боломжтой.

-Хөдөлмөрийн эрүүл мэндийн тасгийн оношилгоо, шинжилгээний тоног төхөөрөмж юугаараа давуу вэ?

– Хөдөлмөрийн эрүүл мэндийн тасаг олон улсын стандартын дагуу баталгаажсан багаж болон лабораторийн шинжилгээнд суурилсан үйлчилгээ үзүүлдэг. Тухайлбал уушгины үйл ажиллагааны сорил, сонсголын түвшин тогтоох багажийн шинжилгээ, нүдний өвчний эрт илрүүлэг (нүдний уг дурандах, өдөр шөнийн хараа, орон зай, өнгөний хараа, шил тааруулах) зэрэг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр хүчин чадал, тоног төхөөрөмжүүдтэй. Үйлдвэрлэгч орон буюу гадаад улсаас мэргэжилтнүүд жил бүр ирж тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг баталгаажуулдаг.

 

-Эрүүл мэндийн үзлэгийн дараа тухайн байгууллага дээр ямар үр дүн гардаг вэ?

-Байгууллагууд ажилтнуудаа тогтмол үзлэгт оруулснаар бид зонхилон тохиолдсон өвчнүүдийн динамик мэдээлэл дээр тулгуурлаад эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр боловсруулдаг. Тухайлбал, уул уурхайн 2000 ажилтантай компанид үзлэг хийхэд дийлэнх нь даралт ихсэх өвчинтэй гарсан. Ингээд бид байгууллагын хэмжээнд сургалт зохион байгуулж, ажилтнууд даралт ихсэх үеийн шинж тэмдэг, зовуурь, хэрхэн даралтаа хэрхэн зөв хэмжих гэх мэт эрүүл мэндийн боловсролтой болсон. Мөн илүүдэл жинтэй, чихрийн шижин өвчтэй хүмүүст амьдралын хэв маяг, эрүүл хооллох боловсролыг олгосноор ажилтнуудын эрүүл мэнд сайжирч, ажлын бүтээмж нь нэмэгдсэн үр дүн гарсан.

-Байгууллагын удирдлагуудад анхааруулах зүйл бий юу?

-Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд ажил олгогч нь эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас тогтоосон журмын дагуу үйлдвэрлэл, ажил, үйлчилгээтэй холбоотой, зайлшгүй шаардлагатай эрүүл мэндийн урьдчилсан ба хугацаат үзлэгт ажилтныг хамруулна гэж заасан байдаг. Тиймээс ажил олгогч нь урьдчилан сэргийлэх үзлэгээр ажилчдаа тогтмол хангах ёстой. Байгууллага бүр ажлын байрны нөхцөлийн үнэлгээг хийлгэсэн байдаг. Тус үнэлгээнд таарсан эрүүл мэндийн үзлэгт ажилтнуудаа хамруулах хэрэгтэй.

-Урьдчилан сэргийлэх төв 20 төрлийн багцын шинжилгээ хийж байгаа гэсэн. Ач холбогдлыг нь хэрхэн тооцож байна вэ?

– Бид хувь хүний нас, хүйсийн онцлог, тухайн үйлчлүүлэгчийн хүсэл сонирхолд нийцсэн төрөл бүрийн багцын шинжилгээг санал болгодог. Үүнд байгууллага, хамт олны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгээс гадна жолоочийн эрүүл мэндийн магадлагаа, гэрлэлтийн өмнөх шинжилгээ, гадаад улсад суралцах гэж байгаа оюутнууд, гэрээт ажилтнуудын эрүүл мэндийн хуудас бөглөх, хүүхэд асрагчийн, усан сангийн, хүүхдийн зуслангийн хуудас, жингийн илүүдэлтэй хүмүүст зориулсан NOURISH хөтөлбөр, Австрали улсад ажиллаж амьдрах, сурах зорилгоор виз мэдүүлэгч нарын эрүүл мэндийн үзлэгийг Австралийн засгийн газрын удирдамж, стандартын дагуу хийж байна. Урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсанаар тухайн хүнд аливаа өвчний шинж тэмдэг анзаарагдаж мэдрэгдэхээс өмнө буюу өвчний эрт үед, эмчлэх боломжтой үе шатанд өвчнийг оношлох цогц үйл явцыг эрт үед нь хийх боломжтой байдаг. Эрүүл, элэг бүтэн, аз жаргалтай амьдрахын тулд эрүүл мэндээ хамгаалах, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал.

 

-Эрт илрүүлэгтэй төстэй юм байна.

-“Интермед” эмнэлэг үйл ажиллагаагаа эхэлснээс хойших 10-д жилийн хугацаанд зөвхөн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээний төвөөр нийт 200 гаруй хавдрыг илрүүлсэн. Улсын хэмжээнд сүүлийн 10 жилийн дунджаар нийт нас баралтын шалтгааны ихэнх хувийг зүрх судасны тогтолцооны өвчин эзэлж байна. Жилээс жилд нэмэгдэж буй энэ өвчний улмаас хөдөлмөрийн насны голдуу эрэгтэйчүүд хорвоог орхиж байгаа нь маш харамсалтай. Хүн амын нас баралтын шалтгааны хоёрт хавдар орж байна. Нийт 7244 хавдар шинээр оношлогдсоны 34 хувь нь эрт үедээ, 65 хувь нь хожуу үедээ илэрсэн. Монгол хүний эрүүл мэндийн 2023 оны үзүүлэлтээс харвал эмэгтэйчүүдийн дундаж наслалт 76.9, эрэгтэйчүүдийнх 67.6 байна. Тиймээс түгээмэл тохиолдож буй ходоод, улаан хоолой, элэг, умайн хүзүү, бүдүүн гэдэс, бөөр, хөх, нойр булчирхайн хавдраас сэргийлж, үзлэг шинжилгээнд тогтмол хамрагдахыг зөвлөе.

-Танайх олон нийтийн эрүүл мэндийн боловсролд зориулсан үйл ажиллагаа явуулдаг уу?

-Иргэдийн эрүүл мэндийн боловсролд зориулж сургалт, хурал, арга хэмжээ зохион байгуулах, мэдлэг түгээх ажлууд тогтмол хийгддэг. Энэ жилийн хувьд Интермед эмнэлэг үйл ажиллагаагаа өргөжүүлэн шинэ өргөтгөлд орсонтой холбоотойгоор байгууллагуудын хүний нөөцийн алба, хөдөлмөрийн аюулгүй байдал хариуцсан ажилтнуудад зориулсан нээлттэй өдөрлөгийг ирэх 2 сард хийхээр төлөвлөж байна. Бидэнтэй хамтран ажиллах сонирхолтой байгууллагын удирдлагууд, ажилтнууд болон сонирхсон бүх хүн оролцох боломжтой. Өдөрлөгийн үеэр манай хөдөлмөрийн эрүүл мэндийн оношилгооны багаж, тоног төхөөрөмжтэй танилцаж, өөрийн биеэр турших боломжтой. Мөн хувь хүн ямар урьдчилан сэргийлэх үзлэгт орох, ямар шинжилгээ өгөхөө сайн мэдэхгүй эргэлзэж байгаа бол эхлээд манай эмч нартай зөвлөлдөж болно.

 

Эх сурвалж: Өнөөдөр сонин 2025.01.20 А5

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights