Соронзон резонанст томограф шинжилгээ
Энэ шинжилгээ нь радио долгион болон өндөр давтамжит соронзон орон ашиглан хүний биеийн дотоод бүтцүүдийг илүү нарийвчлалтай дүрслэн гаргадаг арга юм.
Шинжилгээний өмнөх бэлтгэл
• Ашиглаж буй хүчтэй соронзон орон хүний биед байгаа металл эдлэлийг татсанаар зургийн чанарт нөлөөлдөг учир шинжилгээний өрөөнд орохоос өмнө биед байгаа металл эдлэлийг тайлах шаардлагатай.
• Ихэнх мэс заслын хавчаар, ялтас шрүп, шүдний суулгац, зүрхний стент нь хагалгаа хийгдсэнээс хойш 4-6 долоо хоногоос дээш хугацаанд эрсдэлгүй байдаг.
• Хэрвээ үйлчлүүлэгчийн бие болон толгойд металл суулгац байгаа эсэх нь эргэлзээтэй буюу мэдэх боломжгүй үед рентген зураг авч тодруулна.
• Үйлчлүүлэгч шинжилгээний өмнөх асуумжийг бөглөсөн байна.
• Тайвшруулалттай шинжилгээнээс бусад тохиолдолд хэвийн хооллох ба ууж буй эмээ үргэлжлүүлж болно.
• Хэрвээ та хаалттай, хязгаарлагдамал орчинд байхад айдас төрдөг, бие тавгүйтдэг бол энэ тухайгаа шинжилгээний цаг авахдаа мэдэгдэх ба хөнгөн тайвшруулалт хийгдэх шаардлага гарч болно.
Шинжилгээний явц
• Таныг шинжилгээний орон дээр хэвтүүлэн соронзон талбайгаар хүрээлэгдсэн аппаратын төв хэсэгт аажмаар оруулна.
• Та шинжилгээний үеэр аль болох тайван, тухтай хэвтэж зураг авах үед хөдлөхгүй байх шаардлагатай. Учир нь хөдөлгөөний улмаас зургийн чанарт өөрчлөлт гардаг.
• Шинжилгээний үеэр соронзон оронг өөрчилж буйтай холбоотой бүдэг тогших, дүнгэнэх чимээ гарах тул шинжилгээний өмнө танд чихэвч зүүлгэнэ.
• Шинжилгээний үеэр таныг өвтгөх болон тавгүйтүүлэх зүйл болохгүй тул жигд хэвийн амьсгална. Шинжилгээ хийгдэж буй хэсэгт бага зэрэг халуу оргих мэдрэмж төрөх нь хэвийн бөгөөд хэрвээ энэ байдал танд таагүй мэдрэмж төрүүлбэл эмнэлгийн ажилтанд мэдэгдэнэ.
• Зарим тохиолдолд эмч тодосгогч бодис хийж дүрсийг тодруулах шаардлага гарах ба тодосгогч бодисыг ихэвчлэн гарын венийн судсаар хийнэ. Энэ нь таны өвчин илүү хүнд гэсэн ойлголт биш юм.
• Шинжилгээний үеэр та технологичтой ярилцах нөхцөлөөр хангагдах ба таныг хяналтын өрөөнөөс бүрэн хянаж байдаг.
Шинжилгээний үргэлжлэх хугацаа
Эмчид шаардлагатай мэдээлэл авах, ямар эрхтнийг шинжилж байгаагаас хамааран шинжилгээ 30 минутаас 1 цаг үргэлжилнэ.
Давуу тал
• Биеийн зөөлөн эдийн бүтэц тухайлбал тархи, зүрх, элэг, булчин, үе холбоос зэргийн бүтэц бусад шинжилгээтэй харьцуулахад нарийн, тодорхой дүрслэгддэг, рентген туяаны ачаалалгүй байдаг.
• Соронзон резонанст дүрслэлээр биеийн бүтэц төдийгүй зарим эрхтний үйл ажиллагааг үнэлэх боломжтой.
• Уг шинжилгээнд ашиглагддаг тодосгогч бодис нь бусад тодосгогч бодистой харьцуулахад харшил урвалын тохиолдол харьцангуй бага байдаг.
• Соронзон резонанст дүрслэлээр бусад шинжилгээнд ясаар халхлагдсан эмгэг өөрчлөлтийг илрүүлэх боломжтой.
• Зүрх судасны системийн эмгэгийг оношлох ангиографийн шинжилгээг бодвол богино хугацаанд, арьс гэмтээхгүй хийгддэг.
Хязгаарлагдмал тал
• Зарим тохиолдолд ясны дүрслэлд ердийн рентген зураг тохиромжтой бол цус алдалтын үед компьютер томограмм шинжилгээ илүү мэдээлэл өгнө.
• Соронзон резонанст дүрслэлээр хавдрын эд болон хавангийн шингэнийг ялгахад төвөгтэй.
• Хавдрын дотор жижиг шохойжилттой үед илрүүлэхгүй байх боломжтой.
• Ихэнх металл суулгацууд нь уг шинжилгээг аюулгүй хийх боломжтой байдаг боловч зарим төрлийн суулгацтай шинжлүүлэгч орох боломжгүй байдаг тул үйлчлүүлэгч эмнэлгийн ажилтанд мэдэгдэх шаардлагатай.
• Соронзон резонанст дүрслэл компьютер томограммыг бодвол өртөг өндөртэй.