Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Дутуу нярайн асаргаа сувилгааны онцлог
Нийтэлсэн огноо: 2024-11-15

Дутуу төрсөн хүүхдүүд ихэвчлэн эрүүл мэндийн онцгой хэрэгцээтэй байдаг бөгөөд асаргаа сувилгааны өвөрмөц онцлог шаардагддаг тул эцэг эх, асран хамгаалагчид Та бүхэн доорх мэдээлэлтэй танилцана уу.

Тодорхойлолт:
Дутуу нярай гэж: Жирэмсний 37 долоо хоногоос өмнө төрсөн нярайг хэлнэ. дутуу Бага жинтэй нярай гэж: Төрөх үеийн биеийн жин 2500 граммаас бага жинтэй төрсөн нярайг хэлнэ.

Дутуу нярай бойжих орчин:
Дутуу нярайн бойжих өрөөний дулаан 22-25 хэм, чийглэг 40-70%, гэрэлтүүлэг сайтай, дуу чимээ багатай, агаарын солилцоо хийх боломжтой байх

Дутуу нярайн хооллолт:
Ангир уураг: Таны хүүхдийн анхны хоол
Төрөх үед таны бие аль хэдийн ангир уургийг боловсруулж бэлдсэн байдаг. Цаашид дутуу нярайг тээлтийн наснаас хамаарч хооллох хэлбэрийг сонгож, (хөхөөр, аягаар, гуурсаар) хооллох ба хооллох хугацаа 2-2,5 цагийн зайтай байх нь тохиромжтой.

Дутуу нярайн өдөр тутмын асаргаа

Усанд оруулах: Төрсний дараа 2-3 хоногтойд усанд оруулах ба цаашид 7 хоногт 2-3 удаа оруулна. Усны хамгийн халуун температур нь 37 хэмээс ихгүй байна. Саванг бага хэрэглээрэй
Өрөөний дулаан 25-26 хэм байхад усанд оруулна.

Хүйн арчилгаа: Нярай хүй нь хатаж ойролцоогоор 7-10 хоноод цөглөдөг. Хүйнд ямар нэг уусмал болон эм түрхэхгүй хуурай байлгана.

Нярайг хуурайлах: Өдөрт 6 ба түүнээс дээш удаа нойтон живх, 4 ба түүнээс дээш удаа бохир живх сольж байвал хэвийн гэж үзнэ.

Агаарт гаргах: Дутуу нярай хүүхдийг 14 хоногийн настайгаас агаарт гаргаж эхлэх ба зун +24 хэм дулаан үед, өвөл +10 хэм дулаан үед гаргана. Хэрвээ хүүхэд бага жинтэй төрсөн бол 2500 грамм жинтэй болсон үед агаарт гаргана.

Унтуулах: Нярайг хатуувтар гадаргуу дээр дээшээ харуулж, нуруугаар нь хэвтүүлж унтуулна.Дутуу нярай хүүхэд гүйцэт нярайгаас их унтдаг ч сэрэх давтамж нь ойрхон байдаг.

Дутуу нярайн өсөлтийг үнэлэх:

  • Дутуу нярайн жин хоногт 15-18 гр/кг нэмэгддэг
  • Урт 7 хоногт 1 см нэмэгдэнэ
  • Толгойн тойрог 7 хоногт 0,8-1,0 см нэмэгдэнэ.

Дархлаажуулалт:
Товлолт вакцинд бүрэн хамрагдана. Шаардлагатай гэж үзвэл эмчийн заалтаар хойшлуулж, нөхөж хийлгэнэ.

Нярайн скрининг шинжилгээ: Та хүүхдээ дараах шинжилгээнд хамруулсан байх ба энэ нь амаржих газар хийгдэнэ.

  • Зүрхний ЭХО
  • Түнхний ЭХО
  • Зулайн ЭХО
  • Бодисын солилцооны эмгэгийг илрүүлэх тандалт шинжилгээ
  • Нүдний угийн шинжилгээ

Дутуу нярайд уулгах эрдэс , аминдэм

  • Д аминдэм,төмөр, цайр зэргийг эмчийн заалтаар өгнө.
  • Олон найрлагат аминдэм, А аминдэм нэмж уулгана.

Дутуу нярайн гэрийн эргэлт ба хяналт:

  • Эмнэлгээс гарснаас хойш 3 хоногийн дотор өрхийн эмч эргэж очих ба үүнээс хойш 5-7 хоног тутамд үзнэ.
  • 2500 граммаас бага жинтэй төрсөн нярайг 2500 грамм жинтэй болтол 7 хоног бүр 2 сар хүртэл хянана.

Нярайд илрэх аюултай шинжүүд:

Эдгээр шинжүүд илэрвэл эмнэлэгт яаралтай хандаарай.

  • Хөхөө хөхөхгүй байх
  • Унтаарах
  • Халуурах /суганы халуун 37,5 хэмээс дээш/
  • Халуун буурах /суганы халуу 35,5 хэмээс доош/
  • Хүйнээс идээрхэг, цусархаг зүйлс гарах, хүйн эргэн тойрон улайж хавдах
  • Арьсан дээр олон тооны идээт эсвэл цэврүүт тууралт гарах
  • Амьсгал олшрох – 1 минутанд 60-аас олон амьсгалах
  • Гарын алга, хөлийн ул шарлах
  • Шээс ховор болох
  • Бөөлжих

Эдгээр мэдээлэл нь таны хүүхдийн эмчийн эмнэлгийн тусламж, зөвлөгөөг орлохгүй бөгөөд хувь хүний ​онцлог, тухайн нөхцөл байдалд үндэслэн эмчилгээ, сувилгааны тусгайлсан өөрчлөлт хийж болохыг анхаарна уу.

 

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Verified by MonsterInsights