Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Гэмтлийн бус бүсэлхий нуруу, аарцгийн өвдөлт, түүнээс сэргийлэх нь
Нийтэлсэн огноо: 2022-12-20

Интермед эмнэлгийн Яс булчингийн дүрс оношилгооны эмч Б.Онончимэгийн бэлтгэсэн Гэмтлийн бус бүсэлхий нуруу, аарцгийн өвдөлт, түүнээс сэргийлэх зөвлөгөөг хүргэж байна.

ГЭМТЛИЙН БУС ГАРАЛТАЙ БҮСЭЛХИЙ НУРУУНЫ ӨВДӨЛТ

Өнөөдөр оффист ажилладаг 10 хүн тутмын 8 нь суудлын буруу байрлал, ажлын стресс, тохижилт муутай ажлын байр, урт завсарлагаагүй ажлын цаг зэргээс шалтгаалан хүзүү, мөр, нурууны өвдөлтөөс болж шаналж байна

Тэр дундаа нурууны доод хэсэг буюу бүсэлхий нурууны өвдөлт нь дунд, ахимаг насны хүмүүст элбэг тохиолддог. Хэрвээ танд шалтгаан тодорхойгүй нурууны өвдөлт илэрч байгаа бол юуны түрүүнд мэргэжлийн эмчид хандаж, шаардлагатай шинжилгээг хийлгэн, өвдөлтийн шалтгаан, оношоо бүрэн тодруулсны дараагаар тохирох эмчилгээг хийлгэх нь илүү үр дүнтэй.

Түүнээс гадна бид өөрсдийн амьдралын хэв маягт анхаарч, нурууны хэвийн нумыг аль болох хадгалах, тохирсон дасгал хөдөлгөөн хийж нурууны өвдөлтөөс урьдчилан сэргийлэх, одоогийн байдлаас даамжруулахгүй байх нь чухал юм.

Таны нуруунд хүзүү болон бүсэлхий хэсэгт лордоз, сээрний хэсэгт хэвийн кифоз байна

Нурууны хэвийн нумууд

Амьдралын туршид таны нурууны хэвийн нум их бага хэмжээгээр арилж, хэвийн үйл ажиллагаа алдагдан бүтцэд өөрчлөлт үүссэний улмаас өвдөлт зовиур илэрдэг.

Та өөрт тохирсон дэр, хэт хатуу эсвэл зөөлөн бус орыг сонгох нь зүйтэй.

Та өөрийн ажлын байран дээр болон их хотын түгжрэлд машин барихдаа зөв байрлалаа тодорхойлж, нуруундаа очих ачааллыг багасгах хэрэгтэй.

Та хүнд зүйл өргөхөөсөө өмнө бодогтун!

Амьдралынхаа туршид зөв байрлалыг(good posture) хадгалах зөвлөмжүүд:

● Өдөр бүр нурууныхаа хэвийн хотойлт, нумарсан байдлыг тэнцвэртэй байлгахад анхаарлаа хандуулаарай.

● Илүүдэл жингээ хасах: илүүдэл жин нь нурууны арын булчинг байнга урагш татаж, хэвлийн булчингуудыг сунгаж, сулруулдаг.

● Нэг байрлалд удаан хугацаагаар байхаас зайлсхийх; идэвхгүй байдал нь булчингийн ачаалал болоод сулралыг үүсгэдэг.

● Тохирсон матрас дээр унтаж, хүзүүний хэвийн муруйг хадгалах тохирсон дэрээ сонгох, шаардлагатай тохиолдолд жижиг дэр болон алчуураар ивээс хийх, хэт том эсвэл хэд хэдэн дэр хэрэглэхээс зайлсхий.

● Тогтмол дасгал хийх: дасгал хөдөлгөөн нь таныг зөв байрлалд байлгах уян хатан болон бат бөх булчингуудыг дэмждэг.

● Ямар нэг зүйлийг авах/өргөх эсвэл доошлуулахдаа өвдгөө нугалан, хүнд зүйл өргөхдөө хоёр гараараа ачаагаа бэлхүүсдээ ойртуулан өргөх техник ашиглан нуруугаа хамгаалах.

● Тав тухтай, сайн тулгууртай гутал өмсөх. Хөлийн хэвийн хэлбэрийг гажуудуулж, нурууны хэвийн муруйг алдагдуулдаг өндөр өсгийтэй эсвэл платформтой гутал байнга хэрэглэхээс зайлсхийх.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+