Өнөөдрийн байдлаар дэлхийн хэмжээнд чихрийн шижинтэй 537 сая хүн амьдарч байна. 2030 он гэхэд энэ тоо 643 саяд хүрч, дэлхийн 10 хүн тутмын нэг нь энэ өвчнөөр өвчлөх магадлалтай байна. Энэхүү эмгэгийн улмаас хөл тайрагдах, хараа алдах, бөөрний дутагдалд орох, зүрхний шигдээс, тархины харвалт зэрэг хүндрэлүүд тохиолдох эрсдэлтэй тул энэхүү эмгэгээс урьдчилан сэргийлэх, нэгэнт өвчилсөн хүмүүст тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах нь чухал юм. Манай орны хувьд 1999 онд хүн амын дунд чихрийн шижингийн тархалт 3.2% байсан бол 2019 оны байдлаар 8.5% болж 2.5 дахин нэмэгдсэн байна.
Анх 1991 онд ДЭМБ болон Олон улсын чихрийн шижингийн холбооноос Инсулин дааврыг нээсэн эрдэмтэн Фредрхи Бантингийн төрсөн өдөр буюу 11 сарын 14-ний өдрийг Чихрийн шижинтэй тэмцэх өдөр болгон тэмдэглэж эхэлсэн түүхтэй. 2006 онд НҮБ-ын 61/225 тоот тогтоол гарч 11 сарын 14-ний өдрийг “Чихрийн шижинтэй тэмцэх” дэлхийн өдөр болгон албан ёсоор НҮБ-ын тэмдэглэлт өдрүүдийн нэг болгосон. Өнөөдөр 161 орны тэрбум гаруй хүн “Чихрийн шижинтэй тэмцэх” дэлхийн өдрийг тэмдэглэн үйл ажиллагаанд нь идэвхтэй оролцож байна. Монгол Улсад Чихрийн шижинтэй тэмцэх дэлхийн өдрийг 1995 оноос эхлэн тэмдэглэж эхэлсэн.
2021-2023 онд Дэлхийн чихрийн шижинтэй тэмцэх өдрийн хүрээнд дараах үндсэн 5 тусламж үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулахыг уриа болгон ажиллаж байна.
- Инсулин эмчилгээ
- Эмийн эмчилгээ
- Глюкоз хянах багаж, оношлуур
- Чихрийн шижингийн сургалт, сэтгэл зүйн тусламж үйлчилгээ
- Эрүүл хооллох, идэвхтэй хөдөлгөөн хийх боломж