Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Нүдний даралтыг эмчлэхгүй бол хараагаа алдах аюултай.
Нийтэлсэн огноо: 2021-11-11

“Интермед” эмнэлгийн нүдний эмч, АУ-ны магистр Д.Жавзансүрэнтэй ярилцлаа. Бид энэ удаа хараагаа алдах гол шалтгааны талаарх мэдээллийг уншигч танд хүргэж байна.

-Нүдний даралт ихсэх өвчин хэдэн наснаас илэрдэг вэ?

-Нүдний даралт ихсэх өвчин нас дагаж ирдэг. Ихэвчлэн 40-өөс дээш насныханд эрсдэл илэрнэ. Яагаад нүдний даралт үүсдэг юм бэ гэж хүмүүс асуудаг. Нүдний шингэн хүүхэн хараагаар ороод нүдний өнцгөөр тогтмол гадагшилж байдаг. Харин нүдний өнцөг нарийсчихвал шингэн хуримтлагдан, нүдний даралт үүсгэж улмаар хараагаа алддаг. Үүнийг усны шугамтай зүйрлүүлж хэлбэл хэвийн үед цоргоор ус гоожиж хоолойгоор урсдаг шүү дээ. Хэрвээ хоолой бөглөрчихвөл ус тосгуураас хальж асгарна. Үүн шиг нүдний шингэн өнцгөөр гадагшилж чадахгүй байгаа нь л нүдний даралтыг үүсгээд байгаа юм.

Нүдний даралтыг эмчлэхгүй бол хараагаа алдах аюултай. Сүүлд эмчлүүлсэн ч нүдний харааны үхэжсэн эс эргэж сэргэдэггүй. Тийм учраас 40-өөс дээш насныхан урьдчилан сэргийлэх үзлэгт заавал хамрагдаж байх ёстой.

-Нүдний даралтаа оношлуулахгүй бол гэнэтхэн хараагаа алдах аюултай гэсэн үг үү?

-Хараагаа алдах эхний 2 шалтгааны эхнийх нь болрын эмгэг удаах нь нүдний даралт юм. Нүдний даралт дотроо 2 янз байдаг.

Хаалттай өнцгийн үед шинж тэмдэг илэрдэггүй. Голдуу албан байгууллагын эсвэл дотрын эмчийн үзлэгээр мэдэгддэг.Ямар ч зовиургүй явж байгаад гэнэтхэн хүчтэй огьж бөөлждөг эсвэл толгой хүчтэй өвдөж дотор муухайрдаг. Тиймээс хоолны хордлоготой андуурагдах тал бий. Дотрын эмч нүдний угаа дурандуул гэснээр л нүдний даралттайгаа мэддэг. Хэрэв 24 цагийн дотор арга хэмжээ авч чадвал хараатай үлдэх боломжтой. Хугацаа хожимдвол нүдний даралтыг л бууруулахаас биш хараа сэргэдэггүй.

Нээлттэй өнцгийн үед хамгаалах боломжтой. Учир нь хараа бүрэлзэх, дотор муухайрах зэргээр бага зэрэг зовиур илэрдэг.

Монголчууд маань нэг үеэ бодвол эрүүл мэндийн мэдлэгтэй болж хараагаа алдахаас өмнө урьдчилан сэргийлж үзүүлж байна. Гэхдээ л энэ төрлийн тохиолдол гарсаар байгаа учир иргэдийг нүдээ үзүүлж байхыг зөвлөе.

-Аль ч тохиолдолд лазер хийлгэчихвэл хараагүй болохоос сэргийлж чадах уу?

-Урьдчилан сэргийлэх үзлэг хийлгээд байвал хараагаа хамгаалах боломж хүн бүхэнд бий. Үзлэгээр нүдний даралттай эсвэл урьдал шатанд яваа бол лазер эмчилгээ хийдэг. Лазераар нүдний өнцөг дэх нарийссан хэсэгт жижиг нүх гаргачихдаг. Ингэснээр нүдний шингэн чөлөөтэй гадагшилна. Энэ ажилбар нь мэс засал биш учир эмнэлэгт хэвтэх шаардлагагүй, амбулаториор хийгддэг.

Нүдний даралтаас болж захын хараа ч мууддаг. Хэвийн хараатай хүн машин бариад явж байхад ямар ч асуудалгүй, эргэн тойрноо сайн харна. Харин захын хараа муудсан үед өмнөхөө л хардаг. Үүнээс болж орон зайн баримжаа алдагддаг. Яг ямар үе шатанд явж байгаагаас хамаарч эмийн, лазер болон мэс заслын эмчилгээ хийдэг.

Захын харааны хэвийн болон нүдний даралт өвчний үеийн ялгаа болон харагдах байдал:

Нүдний даралт анх оношлогдсон тохиолдолд эмийн болон лазер эмчилгээг сонгодог. Нүдний даралт илэрсэн тохиолдолд 2-3 сар тутам тогтмол хяналтад байж эмийн эмчилгээг тасралтгүй хийх шаардлагатай. Нүдний даралт ихсэх өвчин даамжирсан болон эмийн эмчилгээнд нүдний дотоод даралт буухгуй тохиолдолд мэс заслын эмчилгээ хийгдэнэ.

Урьдчилан сэргийлэлт

  • 40 дээш насны хүмүүс жилд 1 удаа
  • 41-60 насныхан жилд 2 удаа
  • 61 дээш насныхан улиралд 1 удаа нүдний үзлэг шинжилгээнд хамрагдах ёстой.

-Хараагүй болох бас нэг шалтгааныг та болор цайх гэсэн. Зарим хүмүүс болроо солиулсан ч буцаад муу хардаг болчихлоо гэдэг шүү дээ. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

-Хүн болгоны үс нас дагаж, жам ёсоор бууралтдаг. Үүн шиг нүдний болор ч бас цайдаг. Нүдний болор цайралтын үед дүрс бүрзгэр, манантаж харагдана. Настайчууд нүдэнд нуух орчихсон юм шиг арчаад байхад юм тааруухан харагдаж байна гэдэг шүү дээ. Энэ бол болор цайсных. Болор бүрэн цайчихвал тэр бүдгэрсэн болрыг аваад оронд нь тунгалаг болор суулгаж болно. Эсвэл бүтэн цайхаас нь өмнө солиулчихвал мэдээж хүндрэл эрсдэл бага байна. Цаг хугацааны явцад энэхүү хальсан бүрхүүл зузаарч бүдэгшил үүсгэж, харааг аажмаар муудуулдаг. Энэ нь болрын мэс заслын дараа элбэг илэрдэг. Хагалгаанаас хойш хэдэн сар болон жилийн дараа илэрч болно. Лазер эмчилгээгээр энэхүү зузаарсан хальсыг арилгаж харааг сэргээдэг.

-Зовхи унжаад хүүхэн хараа дарсан тохиолдолд харах талбай багасдаг хүндрэл бий. Танай эмнэлэг зовхи татах, косметик оёдол тавьдаг гэж сонссон?

-60-аас дээш ахимаг насны хүмүүсийн хувьд зовхи нь унжаад хүүхэн хараагаа дарчихдаг. Анзаарсан бол зарим настнууд зовхио скочдоод явж байдаг шүү дээ. Харах талбай нь багасаж байгаа учраас аргагүй л дээ. Энэ тохиолдолд зовхийг нь сойж косметик оёдол тавина. Ингэснээр өмнөх шигээ юмсыг төвөггүй хардаг болох давуу талтай.

Энэхүү косметик оёдлыг 35-аас дээш насныхан ч хийлгэдэг. Бид мэднэ шүү дээ, давхраатай нүдтэй ч зовхи нь унжаад давхраагүй юм шиг болчихсон бүсгүйчүүд бий. Хэрэв унжсан арьс, өөхийг нь авчихвал нүд сэргээд залуухан харагддаг. Сүүлийн үед давхраагүй, бүлцэн нүдтэй хүмүүс ч Интермед эмнэлэгт хандаж энэ үйлчилгээг хийлгэж байна.

Гоо сайхны мэс засал нь тухайн хүний нүднээс хамаарч янз бүр байдаг. Тухайлбал давхраа суулгах мэс засал, дээд зовхины унжсан арьс болон бүлцэн өөх авах, доод зовхины арьс болон өөхний уутанцар авах, үү, мэнгэ, ургацаг авах гэх мэт. Давхраа суулгах мэс засал нь бүлцэн огт давхраагүй хүмүүст хийгдэнэ.

-Ярилцсанд баярлалаа.

Эх сурвалж: Peak.mn

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+