Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Бөөрний асуудалтай хүн уураг хэрэглэвэл бөөрний дутагдалд орно
Нийтэлсэн огноо: 2021-10-21

“Уураг, бэлдмэлийн зохисгүй хэрэглээ нь бөөрөнд хэрхэн нөлөөлдөг талаар “Интермед” эмнэлгийн бөөрний их эмч Э.Байгалмаатай ярилцлаа.

– Сүүлийн үед фитнесээр хичээллэж эрүүл мэнддээ анхаардаг хүмүүс их болсон. Үүнтэй зэрэгцээд уургийн нэмэлт бэлдмэлүүдийг хэрэглэдэг хүн ч олширсон байна. Уургийн бэлдмэлийг их хэрэглэх нь ямар сөрөг үр дагавартай вэ?

– Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас тухайн улсын хүмүүсийн уургийн нормыг тогтоочихсон байдаг. Дунджаар уургийн хэмжээг эрүүл хүнд 0.8 миллиграм жинд тооцдог бөгөөд үүнийг зохистой хэмжээ нь гэж үздэг. Уургийн хэт их хэрэглээ нь бөөрний дутагдал үүсгэдэг сөрөг үр дагавартай. Харин өвчтэй хүмүүсийн хувьд уургийн хэрэглээг биеийн нөхцөл байдлыг нь харгалзан үзэж тооцуулдаг юм. Яагаад гэвэл зарим хүнд их хэмжээгээр уураг хэрэглүүлэх шаардлага гардаг. Мөн мэргэжлийн спортын тамирчид спортын анагаахаар мэргэшсэн эмчийн хяналтад байж, масс үүсгэх бэлдмэлүүдийг хэрэглэдэг.

– Ер нь манай улсын хувьд бөөрний өвчлөл ямар байна вэ?

– Уургийн тухай судалгаа нь ихэвчлэн барууны орны хүмүүсийн дунд хийгдсэн байдаг. Нэгдүгээрт, барууны орныхон манай монголчуудтай харьцуулахад уураг бага хэрэглэдэг. Хоёрдугаарт, уургийн бүтэц өөр буюу улаан цагаан махыг хольж хэрэглэдэг. Ингээд харьцуулаад хэлэхэд манай улс уургийн хэрэглээний хувьд ер нь өндөртэй улсад тооцогддог. Тэр утгаараа манай улсад бөөрний дутагдал, архаг өвчний тохиолдол харьцангуй их байгаа юм. Манай улсын хүн амын дунд 2012 оны санамсаргүйгээр хийсэн бөөрний архаг өвчнийг илрүүлэх судалгаанаас харахад нийт хүн амын 13.9 хувь нь бөөрний архаг өвчтэй байна гэж гарсан байдаг. Энэ үзүүлэлт нь Азидаа өндөр үзүүлэлтэд ордог. Ингэж өндөр байгаа шалтгаан нь манайхан урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаггүйгээс болж, өөрсдөө өвчнөө мэддэггүй явдагтай холбоотой. Ялангуяа эрэгтэйчүүд хайнга байдлаасаа болоод тэр болгон эмчид хандаж, үзүүлээд байдаггүй шүү дээ. Тэгсэн хирнээ фитнесээр хичээллээд, ямар ч заавар зөвөлгөөгүйгээр уураг хэрэглэдэг. Бөөрний суурь асуудалтай хүмүүс уургийн бэлдмэл хэрэглэвэл бөөрний дутагдалд ороход хүрдэг юм.

– Бөөрний дутагдал болсныг мэдүүлэх шинж тэмдэг байдаггүй юм уу?

– Байдаггүй гэж хэлж болно. Яг ийм шинж тэмдэг илэрсэн бол бөөрний дутагдал гэнэ гэсэн тодорхой шинж тэмдэг байхгүй учраас их хэцүү л дээ. Мөн олон улсад хийгдсэн судалгаагаар залуу хүмүүс 1.4 миллиграм хүртэлх уураг хэрэглэх үед эрүүл мэндийн тал дээр ямар нэгэн асуудал учрахгүй гэж үзсэн байсан.

Уургийн бэлдмэл хэрэглэхийг хүсэж байгаа бол урьдчилан сэргийлэх үзэгт хамрагдаж бөөрний асуудалтай эсэхээ мэдсэний дараагаар хэрэглэж болно.

– Хүйтний улирал эхлэхээр бөөрний өвчин сэдэрдэг гэж дуулсан. Үүний шалтгаан юу байна вэ?

– Улирлын шинж чанартай сэдэрдэг өвчний төрөлд бөөр, шээсний замын халдварууд ордог. Энэ нь хүмүүсийн дархлаа суларч байгаатай холбоотой ба орчны нөлөөтэй (агаарын бохирдол) холбоотойгоор хүмүүсийн дархлаа суларч нэмэлт халдварын эрсдэлүүд гарч ирж буй хэрэг. Дараагаар нь шээсээ барих асуудал их яригддаг шүү дээ. Өөрөөр хэлбэл хүйтний улиралд тэр болгон ариун цэврийн өрөө орох боломжгүйгээс болж шээсээ барих нь давхар эрсдэл болж өгдөг гэсэн үг.

– Бөөрний дутагдал гэдгийг зарим хүмүүс өрөвслийн шалтгаантай гэж ойлгодог. Бөөрний дутагдал яг ямар өвчин бэ?

– Тийм ээ. Бөөрний дутагдал нь цочмог бөөрний дутагдал, архаг бөөрний дутагдал гэж хоёр төрөл байдаг. Бөөрний дутагдал гэдгийг зарим хүмүүс үрэвслийн шалтгаантай гэж ойлгодог. Тухайлбал, би бөөрний өвчтэй болохоор антибиотик тариулаад байвал зүгээр болчихно гэх өрөөсгөл ойлголт их бий. Угтаа бол бөөр нь цусыг тодорхой хэмжээнд шүүж эрүүлжүүлж, цус муудахыг багасгадаг эрхтэн.

– Энэ өвчин бүрэн эдгэрдэг үү?

– Сүүлийн үед эмчилгээ хяналт сайжирсантай холбоотойгоор 10, 20 жилээр сунаж байна. Гэхдээ ямар ч найдлагагүй болсон гэсэн үг огтхон ч биш. Тогтоосон хугацаандаа эмэн эмчилгээ, хоолны дэглэмээ сайн бариад явах л юм бол амьдралын чадавхтай л байгаад байна гэсэн үг. Хүмүүс сүүлийн үед ямар ч өвчнийг эдгэрдэг өвчин, эдгэрдэггүй өвчин гэж хардаг болчихсон байх шиг санагдсан. Гэхдээ ингэж хуваагдах биш амьдрах чадвартай, амьдрах чадваргүй гэж л хуваагддаг болсон. Амьдрах чадвартай гэдэг нь хэн нэгний асаргаан доор биш өөрөө биеэ авч яваад ажил хөдөлмөр эрхлээд, амьдралаа зохицуулаад явахыг хэлж байна. Өрөөсөн бөөрөө авахуулсан хүмүүс хүртэл анхаарал болгоомжтой өөртөө арчаатай байж, эрүүл хүн шиг явж байгаа жишээ их байна.

– Төгсгөлд нь нэг асуулт байна. Бөөрний өвчин гэлтгүй ямар нэгэн өвчнийг өвчнийг манайхан уламжлалт аргаар буюу тангаар эмчлэх гээд байдаг. Тан шууд хэрэглэх нь ямар нэгэн асуудал үүсгэх үү?

– Сонирхолтой асуулт байна. Энэ сэдвээр их судалгаанууд хийгдэж байсан. Мөн жил болгоны нийгэмлэгийн томоохон хурлууд дээр яригддаг асуудал байгаа юм. Ялангуяа Азийн орнуудад тангийн хэрэглээ их дэлгэрчихсэн. Ялангуяа бөөр хамгаалах бөөрөнд зориулсан тан их байдаг. Манайхан ч их хэрэглэдэг. Тухайлбал, 2006 онд гарсан судалгаа байдаг. Энэ нь Бельгид үйл ажиллагаа явуулдаг “Эрүүлжүүлэх тураах төв” нэртэй газраар үйлчлүүлдэг байсан эмэгтэйчүүд дээр хийгдсэн судалгаа байгаа юм. Гэтэл судалгаагаар нэг зүйл ажиглагдсан нь өөсрдийгөө эрүүл гээд байсан эмэгтэйчүүд тураах төвөөр үйлчлүүлснийхээ дараа ихэнх нь бөөрний цочмог дутагдалд орж, бөөр нь ажиллагаагүй болоод аппаратан эмчилгээнд хүртэл орсон тохиолдлууд олон гарч ирсэн байна. Үүнийг нь судлахад тураах төвөөр үйлчлүүлсэнтэй ихэнх нь холбоотой байна гэх дүгнэлт гарсан. Энэ жишээн дээрээс юу хэлэх гээд байна гэхээр хүмүүс шууд дур мэдээд тан хэрэглэхгүй байх нь зөв. Хэрвээ хэрэглэж байгаа бол уух явцдаа шинжилгээ өгч, өөрт чинь тан зохиж байгаа эсэхийг мэдэх хэрэгтэй. Тэгэхгүйгээр шууд тан хэрэглэх нь өвчнийг сэдрүүлж мэднэ. Энэ нь шууд тан хэрэглэж болохгүй гэж шууд хэлж байгаа юм биш. Хүн бүрийн биеийн онцлог өөр учраас зохих хүн байна зохихгүй хүн ч байна. Нэмж хэлэхэд тураах бэлдмэлийг хэрэглдэг хүмүүс ч их болж. Анхааруулж хэлэхэд тухайн бэлдмэлийн ард байдаг орц найрлагад чинь бэлдмэлд орсон орц найрлагыг бүрэн бичээд байхгүй. Тэгэхээр бас бичсэн юманд нь 100 хувь найдаж болохгүй.

– Ярилцсанд баярлалаа.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+