Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Хэт халуун хоол, цай идэж уух мөн давсны хэт хэрэглээ нь улаан хоолойн хавдар үүсэхэд нөлөөлдөг
Нийтэлсэн огноо: 2021-10-21

“Интермед” эмнэлгийн цээжний хөндийн мэс заслын тасгийн ахлах зэргийн эмч С.Хүрэлбаатартай улаан хоолойн өвчлөл, хавдрын талаар ярилцлаа.

-Эн тэргүүнд улаан хоолой гэж чухам ямар эрхтэн бэ, тодорхойлж өгөөч?

Улаан хоолой бол үүдэн шүднээс ходоодны амсар хүртэл 40 орчим см урт, нарийхан хөндийт эрхтэн. Улаан хоолой нь ходоод гэдэсний замын хэсэг юм. Бид хоол идэхэд хоол хүнс улаан хоолойгоор дамжин ходоодонд ордог. Улаан хоолойн дээд хэсэг нь мөгөөрсөн хоолойн араар байрладаг. Доод хэсэг нь зүрх болон нуруунуудын хооронд байрладаг. Улаан хоолойн хана нь булчингийн давхаргуудтай. Эдгээр нь хоол хүнсийг ходоодонд оруулах чиглэлээр агшиж байдаг. Улаан хоолой болон ходоодны хоорондын уулзвар дээр булчингийн зузаан, цагираг багц байдаг. Түүнийг сулрахад хоол хүнс ходоодонд дамжин ордог ба хэвийн үед агшсан байдалтай байх бөгөөд хоол болон ходоодны хүчлийг улаан хоолой руу эргэн орохоос хамгаалж байдаг.

-Манайд улаан хоолойн хавдар нэлээд дээгүүр үзүүлэлттэй байдаг байх аа?

ДЭМБ-ын дүн мэдээнээс харахад, дэлхийд 6 хүн тутмын 1 нь хорт хавдраар хорвоог орхидог гэсэн тоо байдаг. Мөн жилдээ 18 сая орчим хүнд хорт хавдар шинээр оношлогддог бол түүнээс 9,6 сая нь нас бардаг. Улаан хоолойн хавдар жилдээ шинээр 500 мянга оношлогддог. Манай улсын хувьд 2018 оны тоо баримтаас үзэхэд элэг, ходоод, умайн хүзүү, уушгины дараагаар улаан хоолойн хавдар ордог.

Улаан хоолойд хортой болон хоргүй хавдар гэж хоёр төрөл байдаг. Хортой хавдар нь эсийн гарлын хувьд гурван янз тохиолддог. Монголд хамгийн түгээмэл байдаг нь хавтгай хучуур эсийн гаралтай хортой хавдар. Дараагийнх нь булчирхайлаг эсийн гаралтай хортой хавдар. Энэ хоёр хавдар ерөнхийдөө зонхилон тохиолддог. Өөр төрлийн, зөөлөн эдийн, жижиг эсийн гэх мэт хавдрын тухайд маш бага тохиолддог. Байрлалын хувьд ходоодны амсар хэсэг рүүгээ ойрхон байрлалтай нь булчирхайлаг эсийн хортой хавдар байдаг бол түүнээс дээш болохоор хучуур эсийн гаралтай хортой хавдар болдог.

-Улаан хоолойн хавдар үүсэхэд юу нөлөөлдөг вэ. Халуун хоол, цай хамгийн их нөлөөлдөг гэх юм билээ?

Хавдар бол гаднаас халдварлаж орж ирдэг өвчин биш. Эд эрхтэн дотроосоо өөрөөсөө үүсч байгаа өвчин. Ихэвчлэн хувь хүний буруу зуршлаас шалтгаалдаг.

Жишээ нь: Улаан хоолойн салст бүрхүүлд олон жилийн турш үргэлжилсэн гаднын сөрөг нөлөөлөл, хүчилд түлэгдсэний улмаас бүтэц нь алдагдаж, эсийн хувиралд орж хавдар үүсэх гэх мэт.

Хорт хавдарт нөлөөлдөг олон төрлийн шалтгаан байдаг. Архи, тамхины хэрэглээ нэгдүгээрт орно. Тамхи их татахаар цагаан мөгөөрсөн хоолойн дотор хавтгай хучуур эс солигдоод, тамхины байнгын хоронд бүтэц нь өөрчлөгдсөөр байгаад хавтгай хучуур эс нь солигдож хавдрын эс болж хувирдаг. Ходоодны сөөргөө өвчин мөн нөлөөлнө. Цээж нь хорсдог, гашуун зүйлээр гулгидаг, энэ зовуураасаа болоод шөнө сэрж нойр алддаг хүмүүс олон бий. Ийм зовуур нь ходоод-улаан хоолойн сөргөө өвчний шинж. Ходоод, улаан хоолойн заагийн булчингийн ажиллагаа муудаж, ходоодны хүчил улаан хоолойг байнга цочроож гэмтээснээс болж үрэвсэж, шархалдаг. Үүнээс болж улаан хоолойн салстын эсүүд өөрчлөгдөн хувирдаг Бареттын өвчин гэж бий. Мөн салст давхаргын хавтгай хучуур эсийг удаан хугацааны турш түлснээр хавдар болоход нөлөөлдөг.

Хоол, цайг халуунаар ууж иддэг хүмүүс улаан хоолойн хавдраар өвчлөх эрсдэл хамгийн өндөр. Давсны хэрэглээ, тэр дундаа удаан хадгалсан, лаазтай, давсалсан, иссэн бүтээгдэхүүн бас нөлөөлнө. Тэгээд мэдээж таргалалт.

-Таргалалт яаж нөлөөлнө гэсэн үг вэ?

Таргалалтын үед жишээ нь, хэвлийн даралт ихсэхээр ходоод шахагдаад улаан хоолойн доод ходоодны булчин агшилт муудсанаас болоод ходоодны хүчил, цөс улаан хоолойн доод хэсгийг байнга гэмтээдэг. Энэ нь хавдар үүсэхэд нөлөөлдөг.

-Элэг, ходоодны хавдар эхэн үедээ шинж тэмдэг өгдөггүй. Улаан хоолойн хавдар яаж илэрдэг вэ?

Аль ч эрхтний хавдар эрт үедээ шинж тэмдэг өгдөггүй. Ямар нэг шинж тэмдэг хожуу үе шатандаа орсон үед илэрдэг. Улаан хоолойн хавдрын үед хоолой дээр юм тээглэж, горойдог, мөн бөөлждөг. Зүрх өвдөж байгаа мэт цээжээр өвдөнө. Улаан хоолойн дотор салстаас хавдар үүсээд, тэр нь улаан хоолойн хөндийг нарийсгаснаас болоод хоол, шингэн орохоо больдог. Хүмүүс энэ үед хоолоо хасаад эхэлнэ. Үүнээс болж турж эцнэ. Хоолой сөөдөг, ханиалгадаг. Энэ бүгд дандаа хожуу шатанд илэрдэг шинж тэмдгүүд.

-Оношилгоог зөвхөн дурандаж байж хийх үү?

Хамгийн энгийн арга бол дуран. Улаан хоолойн хавдар дандаа дотор салстаасаа эхэлж үүсдэг, хөндийт эрхтэн учраас дотроосоо оношлогддог. Мөн компьютер томограф хийлгэнэ. Тодотгогч бодистой рентген зураг бас авахуулж болно. Улаан хоолойн дурангийн ЭХО шинжилгээ гэж бий. Хортой, хоргүйг эд эсийн шинжилгээ авч тодорхойлно.

-Улаан хоолойн хорт хавдар баруун аймгийнханд их тохиолддог гэсэн. Яагаад?

Монголын хувьд бүс нутаг, зан үйл, хоол хүнсний уламжлалт онцлогоос шалтгаалаад улаан хоолойн хорт хавдар баруун бүс нутаг болон Хөвсгөлд тохиолдол илүүтэй байдаг. Цай, хоолоо хэт халуунаар нь ууж идэх, мөн давс их хэрэглэдэгтэй холбоотой. Жишээ нь Казак хүмүүст гэхэд каз гээд давсанд дарсан махны хэрэглээтэй холбоотой зэрэг өвөрмөц онцлогууд байж болно.

-Удамшдаг уу?

Удамшлын гэхээсээ илүү зан үйлээс нөлөөлнө.

-Эмчилгээний тухайд юу хэлэх вэ?

Улаан хоолойн хавдар бол бусад хавдрыг бодвол эмчилгээ авахдаа хэцүү. Хожуу шатандаа шинж тэмдэг өгдөг, маш хурдан даамжирдаг.

Улаан хоолойн хавдрын эмчилгээ үе шатаас хамаараад мэс засал, хими, туяа, хөнгөвчлөх гэж байдаг. Хөнгөвчлөх мэс заслын, дурангийн мэс ажилбарууд бий. Үе шатаас хамаараад эмчилгээний арга нь өөр. Эрт үеийн хавдар дээр дурангийн аргаар эмчилж болно. Нэг, хоёрдугаар үеийн хавдрыг мэс заслын аргаар эмчилж болно. Гурав, дөрөвдүгээр үед нь хими, туяа эмчилгээ хийнэ. Дөрөвдүгээр үед ихэвчлэн өөр эрхтэнд үсэрхийлсэн хавдрын үед мэс засал, туяа, химийн болон хөнгөвчлөх эмчилгээний асуудал яригдана.

-Хүмүүс цээж гашуун оргилоо гээд эм, эсвэл содатай ус уудаг. Энэ нь зөв үү?

Эм, содатай ус уух зэргээр ходоодны хүчил багасгах, ходоодны салстыг гэмтэхээс сэргийлж болно. Гэхдээ салст гэмтэхийг зогсоож, хавдар үүсэхээс сэргийлж авч буй арга хэмжээ биш. Аливаа өвчний үндсэн шалтгааныг л эмчлэхгүй бол түр зуурын шинж тэмдэг дарах, өвчин намдаах арга бол эмчилгээ биш.

Улаан хоолойг бүтэн тайрч, ходоод, бүдүүн гэдсээр орлуулдаг мэс засал хийдэг. Улаан хоолойн хавдар хэт томроод, төгс эмчилгээ болох мэс засал хийх боломжгүй үед хөнгөвчлөх эмчилгээ хийдэг. Ус ч орохоо болихоор турж, шингэн хоолны дутагдалд орно гэсэн үг. Энэ байдлаас хөнгөвчлөхийн тулд мэс заслын аргаар ходоодонд нь тэжээлийн гуурс тавьж хооллох зэрэг арга бий.

-Урьдчилан сэргийлэхийн тулд яах ёстой вэ?

Архи, тамхи, буруу зан үйлээс татгалзах, давсны хэрэглээг бууруулах, хоол цайгаа бүлээсгэж хэрэглэх, илүүдэл жингээ хасахыг л зөвлөнө. 40-өөс дээш насны хүмүүс урьдчилан сэргийлж жилд нэг удаа дурандуулж байх нь зүйтэй.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+