Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia
Search
Лавлах:
77011111
Intermed Hospital Chinggis Avenue 41, Khan-Uul District 19, Uildver 17040, Ulaanbaatar, Mongolia

.

Бид арьсны оёдол тавихдаа сорви бага үүсгэх хамгийн оновчтой аргуудыг ашиглаж байна
Нийтэлсэн огноо: 2020-05-27

“Интермед” эмнэлгийн гэмтэл, согогийн мэс заслын эмч Ч.Төмөр-Очиртой ярилцлаа.

-“Интермед” эмнэлэг гэмтэл, согогийн мэс заслын үйлчилгээ үзүүлдэг болсон гэж сонссон. Ийм тасаг шинээр нээгдсэн юм уу?

“Интермед” эмнэлэгт ерөнхий мэс заслын тасгийн харьяа гэмтэл, согогийн мэс заслын үйлчилгээг бүрэн хэмжээнд үзүүлэх баг ажиллаж байна. Манай баг бүх төрлийн гэмтлийн үед анхны тусламжаас эхлээд шаардлагатай оношилгоо эмчилгээг цогцоор нь үзүүлнэ. Үүнд мөчдийн гэмтэл, согогийн мэс засал, тархи, нуруу нугасны мэс засал хийж, өвдөг, түнхний үе сольж байна. Аливаа нэгэн гэмтэл гэдэг ихэвчлэн мэс заслын тусламж үйлчилгээ шаардлагатай тохиолдлууд байдаг.

Манай эмнэлгийн гэмтэл согогийн мэс заслын хэсэг 2019 оноос эхлээд удаагүй байгаа ч дээд доод мөчдийн гэмтлийн мэс засал эмчилгээнүүд, гэмтлийн гаралтай нуруу нугасны мэс засал нэлээд хийсэн. Мөн гэмтлээс үүдэлтэй тархины цусан хураа, тархины дарагдал чөлөөлөх мэс заслыг цөөн тоогоор хийгээд байна.

-Гэмтэл согогийн мэс засал гэхээр яг ямар төрлийн мэс засал эмчилгээнүүд ордог вэ?

Юуны өмнө, гэмтэл гэдэг ойлголт нь хүний биеийн аль нэгэн эрхтэн ямар нэгэн тохиолдлоор гэмтэж анатомийн хэлбэрээ алдах болон тухайн эрхтэн өөрийн үндсэн үйл ажиллагаагаа гүйцэтгэж чадахаа байж өвдөлт үүсгэн, хөдөлмөрийн чадвараа тодорхой хугацаагаар алдахыг хэлж байгаа юм. Ийм тохиолдолд хөдөлгөөн хязгаарлах болон мэс засал эмчилгээ шаардлагатай болдог. Гэмтэл согогийн мэс засал эмчилгээг ерөнхийд нь бүх төрлийн ясны хугарал бэхлэх буюу манайхан хадах гэж ярьдаг, мөн зөөлөн эд буюу булчин, шөрмөс, холбоос, мэдрэл залгах мэс засал эмчилгээнүүд ордог.

Согогийн мэс засал гэдэг нь дээд доод мөчдийн үе солих, ясны муруй болон нурууны муруй засах, яс ургалт авах мөн хөлийн эрхий хурууны муруй засах гэх мэт ордог.

-Манайд ахуйн гэмтлээс үүдэлтэй гар, хөл, нүүрээ санаандгүй байдлаар зүсэж шарх үүсэх нь элбэг байдаг. Энэ тохиолдолд яах ёстой вэ?

Тийм ахуйн гэмтэл нийт гэмтлийн тохиолдлын 30-40% орчмыг эзэлдэг. Ахуйн гэмтэл авсан анхны тусламж шаардлагатай тохиолдолд Интермед эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэгт ирэхэд манай яаралтай тусламжийн баг болон гэмтлийн эмч нар 24 цагаар тусламж үзүүлэх боломжтойгоос гадна бид арьсны оёдол тавихдаа сорви бага үүсгэх үүднээс косметик оёдол тавих болон арьсны зориулалтын наалтуудыг ашиглаж байна.

-Урин дулааны улиралд үйлдвэрлэлийн болон уурхайн осол их гардаг. Жижиг гэлтгүй гэмтэл хожим нэлээд хүнд гэмтэлд хүргэдэг бололтой?

Арьсны жижиг шалбархайгаас эхлээд гар, хөлийн хуруу дарагдах, бяцрах, тайрагдах зэрэг ослууд их гардаг. Тэр бүрд шаардлагатай мэс засал, эмчилгээг цаг алдалгүй хийвэл эрхтнийг бүтнээр нь хадгалж үлдэх боломжтой. Удаан хугацаагаар тоохгүй, эсвэл арга хэмжээ авахгүй явбал хожим тухайн эрхтний үйл ажиллагаанд эргэшгүй өөрчлөлт үүсгэж болзошгүй. Тиймээс гэмтэл авбал мэргэжлийн эмчид эрт хандах хэрэгтэй.

-Бид унаад босохдоо өвдөг шалбарсан төдийд тэгсгээд л орхидог. Ийм гэмтэл хожуу бас нөлөөлөх үү?

Өнгөц гэмтэл гэдэг нь оношлогдсон тохиолдолд ямар нэгэн нөлөөгүй. Харин дунд болон хүнд гэмтлийн хувьд тэр тусмаа байнгын ачаалалд оролцдог доод мөчдийн үенд гэмтэл авах нь хожим насжилттай холбоотойгоор хүндэрдэг. 50-иас дээш насныханд нас дагасан өөрчлөлтүүд гарч ирдэг. Тухайн гэмтэл нь насжилттай холбоотой үүсэх эмгэг өөрчлөлтийн хугацааг наашлуулчихдаг гэсэн үг.

-Насжилт гэхээр хүний нас нөлөөлнө гэсэн үг үү. Яс хугарахаар насны тоогоор эдгэрнэ гэдэг шиг?

Нас явах тусам хүний бодисын солилцооны эргэлт удааширч, шарх, гэмтлийн эргэн төлжих, эдгэрэх чадвар удааширдаг. Түүнээс 90 настай бол 90 хонож эдгэрнэ гэсэн үг биш. Хүний яс хугарсан бол дунджаар 45 хоногийн хугацаанд анхдагч бороожилт үүсдэг. Энэ хугацаанд зөв арга хэмжээ авч, хөдөлгөөнийг хязгаарлан, түүнд шаардлагатай эрдсийг нөхөөд явах ёстой. Мөн тодорхой хугацааны дараа хөдөлгөөн заслын эмчилгээ хийлгэх хэрэгтэй. Гэмтэл ихэвчлэн мөчдүүд дээр үүсдэг. Мөч олон үетэй, үе дайрсан, эсвэл үенд ойрхон гэмтлийг гипсдэхдээ үеэр нь хязгаарлачихдаг учраас үений хөшингө үүсдэг. Тиймээс гэмтлийн дараах хөдөлгөөн засал, сэргээн засах эмчилгээ маш чухал. Бүр зайлшгүй шаардлагатай. Манай эмнэлэг дээр сэргээн засах болон физик эмчилгээний эмч нар цогц байдлаар гэмтлийн дараах эмчилгээ үйлчилгээг үзүүлдэг. Тэгвэл гэмтлийн дараах сэргэлт хурдан байдаг.

-Өвдөгний үений шингэн үгүй болно гэдэг нь гэмтэлтэй ямар нэгэн байдлаар холбоотой байдаг уу?

Энэ нь ташаа ойлголт. Ер нь үе шингэнгүй болно гэж байхгүй. Хүнд амьдралынх нь туршид тодорхой хэмжээний шингэн үүсэж, эргээд шимэгдэж байдаг. Харин мөгөөрсөн эдийн давхаргын зузаан нь нимгэрээд, эсвэл бүтцийн өөрчлөлтөд орж, үений гулгамтгай чанар алдагдахыг л хүмүүс тэгж шингэнгүй боллоо гэж ойлгоод байгаа юм. 70-80 настай хүнд өвдөгний үеийг солих гээд нээхэд тодорхой хэмжээний шингэн байдгаараа байдаг. Энэ нь насжилттай холбоотой үүсэж буй эмгэг өөрчлөлт.

-Тамирчдад шөрмөс тасрах, сунах асуудал байнга тулгардаг юм билээ. Үүнийг мэс заслаар эмчлэх үү?

Энэ нь спортын гэмтэл гэдэг ангилалдаа ордог ба анхны тусламж үзүүлэхээс эхлээд шаардлагатай шинжилгээнүүдийг хийж оношийг бүрэн тогтоосны дараа эмийн эмчилгээ болон хөдөлгөөн хязгаарлах эсвэл сэргээн засах физик эмчилгээ, шаардлагатай тохиолдолд мэс засал эмчилгээ хийнэ.

-Манайд бас нуруу нугасны гэмтэл их байдаг. Ямар тохиолдолд мэс засал хийдэг юм бэ?

Интермед эмнэлэгт нуруу нугасны гэмтлийн мэс заслыг сүүлийн үед хийж эхэлж байна. Уул уурхай, үйлдвэрүүд олноор бий болсонтой холбоотойгоор ажлын ачаалал, нөхцөл, зогсоогоороо хүнд ажил хийдэг, олон цагаар ажилладаг, хүнд машин механизмын жолоо барьдаг зэргээс шалтгаалж нурууны суултууд их үүсдэг. Арван хүн тутмын тавынх нь нуруу өвддөг. Мэс заслын бус аргаар эдгэх боломжгүй бол мэс заслын эмчилгээ хийнэ. Түүнээс биш хэлбэрийг нь засахын тулд шууд мэс заслыг сонгодоггүй.

-“Интермед” эмнэлгийн давуу талыг нэрлээч гэвэл юу хэлэх вэ?

Интермед эмнэлгийн давуу тал нь гэмтэл, согогийн эмчилгээг зөвхөн гэмтлийн эмч нар хийгээд зогсохгүй, цогц үйлчилгээ үзүүлдгээрээ онцлогтой. Архаг хууч өвчтэй хүн гэмтээд Интермед эмнэлгийг сонгосон тохиолдолд бусад нарийн мэргэжлийн эмч нар жишээлбэл зүрх судас, уушги, мэдрэл, дотор, хүүхэд, сэхээн амьдруулахын эмч бүгд байдаг. Тэгэхээр манайхаар ирсэн үйлчлүүлэгч хавсарсан өвчнөө эмчлүүлэх гэж бусад эмнэлэг рүү явж цаг алдахгүй. Эсвэл мэс засалд орлоо гэхэд бусад эрхтний зүгээс гарах хүндрэлүүдэд цаг алдалгүй арга хэмжээ авах боломжтой.

Хоёрдугаарт, Интермед эмнэлэг хугарал бэхлэх ялтас, суулгацаа сонгохдоо 100 хувь титан материалтай Солонгос улсын материалуудыг ашиглаж байгаа мөн анатомийн хэлбэртэй гэдгээрээ онцлог. Дунд чөмөгний хугарлын үед гадна талаас нь тавих хэлбэртэй, шагайн хэсэгт тохирсон, эсвэл дотор талаас нь тавих хэлбэртэй имплантыг ашигладаг. Тухайн хүндээ хагалгааны дараа нухах юм уу, сөрөг мэдрэмжүүд гарахгүй. 100 хувь титан байна гэдэг нь эрүүл мэндийн хувьд ач холбогдолтой. Энэ нь МRI шинжилгээнд орох, зүрхний пейсмэйкер тавиулах зэрэг ямар нэгэн байдлаар соронзон долгионы нөлөөнд орж болохуйц эмчилгээ оношилгоо хийлгэхэд саадгүй гэсэн үг. Дээрээс нь хэрэглэж байгаа мэс заслын хэрэгслүүд бүгд нэг удаагийнх байдаг болохоор эмчлүүлэгчид халдвар авах, өөр ямар нэгэн аюултай нөхцөл байдал үүсдэггүй.

-Цаашид шинээр хийхээр төлөвлөж буй ямар ажил байна вэ?

2020 онд багтаад өвдөгний болон мөрний үений дурангийн мэс засал хийхэд бэлтгэж арга аргачлалаа хэлэлцэж батлуулах, аппарат хэрэгсэл, технологийн судалгаагаа хийгээд дуусаж байна.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст
Шинэ ажлын байр 200+