Лавлах:
77011111
Интермед Эмнэлэг Чингисийн өргөн чөлөө 41, Хан-Уул дүүрэг 19, Үйлдвэр 17040, Улаанбаатар, Монгол улс

.

Архийг хийжүүлсэн ундаа, шоколад, халуун ногоогоор даруулж ууж болохгүй
Нийтэлсэн огноо: 2020-10-22

Баяр ёслолын үеэр архи, дарс гээд янз бүрийн бүтээгдэхүүн хольж идэх тохиолдол байдаг. Иймд хольж хэрэглэдэггүй хүнсний бүтээгдэхүүн болон алкохол хүний биеийн эрхтэн системийг хэрхэн гэмтээдэг, түүнд ямар арга хэмжээ авч болох талаар “Интермед” эмнэлгийн гастроэнтерологич, Анагаах ухааны доктор Б.Энхжаргалтай ярилцлаа.

-Баяр ёслолын үед алкохолын төрлийн бүтээгдэхүүнийг хэрэглэхгүй байх боломж ховор байдаг. Тэгэхээр архи, пиво, виног ямар хэмжээгээр хэрэглэвэл хүний бие шингээх боломжтой байдаг вэ?

-Хүн төрөлхтөн архи гэдэг зүйлийг эрүүл мэндэд хор нөлөөтэй гэдгийг нь мэдсээр байж өнөөг хүртэл хэрэглэсээр байна. Иймээс архины зохистой хэрэглээ гэж юуг хэлдэг, архийг хэр хэмжээгээр хэрэглэх нь хүний биед хор нөлөө бага үзүүлдэг талаар мэдлэгтэй байх шаардлагатай. Архины зохистой хэрэглээ буюу стандарт уулт \standart drinks\ гэдэг ухагдахуун байдаг. Энэ нь насанд хүрсэн хүний эрүүл элэг цагт 12 гр этилийн спиртийг задлан хоргүйжүүлж, энэ нь 10 цагийн дараа биеэс бүрэн гадагшилдаг. Үүнийг стандарт уулт гэж нэрлэж байгаа юм.

Стандарт уултаар хэрэглэхэд архи нь хүний бие организмд ямар нэг хор нөлөөгүйгээр задарч гадагшилдаг. Үүнийг архи, пивонд шилжүүлбэл, нэг стандарт уулт нь 38 хувийн алкохол агуулсан 44 мл архи, эсвэл 12 хувийн хатуулагтай 150 мл дарс эсвэл 5.6 хувийн алкохол агуулсан 350 мл пивотой тэнцдэг. Өөрөөр хэлбэл ийм хэмжээний архийг хүний бие хүлээж авч, хор нөлөө учруулалгүйгээр бүрэн задлан гадагшлуулж байна гэсэн үг. Эрүүл хүн хоногт хоёр нэгж стандарт уултаас эсвэл нэг удаад гурван нэгж стандарт уултаас хэтрүүлж болохгүй. Энэ хэмжээнээс давсан тохиолдолд бие организмыг гэмтээж эхэлдэг.

-Архины төрлийн бүтээгдэхүүнийг зохистой хэмжээгээр уувал биед хор нөлөө үзүүлэхгүйгээр гадагшилдаг гэж ойлголоо. Тэгвэл архийг зохистой хэмжээнээс хэтрүүлэн хэрэглэвэл хүний ямар эрхтэн системийг хэрхэн гэмтээдэг юм бэ?

-Архины нөлөөгөөр бие организмыг гэмтэх нь хэдий хугацаагаар, ямар тунгаар хэрэглэх, хавсарсан өвчинтэй зэргээс шалтгаалдаг. Архи буюу этанол нь элэгний алкохольдегидрогеназ ферментийн нөлөөгөөр задарч ацетальдегид хэмээх элэг болон мэдрэл бусад эрхтэн системийг гэмтээдэг хорт бодис үүсдэг. Архины зохисгүй хэрэглээ нь хүний биеийн гурван гол эрхтэн системийг хамгийн түрүүнд гэмтээж эхэлдэг. Нэгдүгээрт, хоол боловсруулах замын эрхтэн тогтолцоо, хоёрт, мэдрэлийн тогтолцоо, гуравт зүрх судасны тогтолцоог гэмтээдэг.

Архины зохисгүй хэрэглээ нь ходоодны үрэвсэл, ходоодны шарх үүсгэх эрсдэлийг дагуулдаг. Үүнээс гадна нойр булчирхайг үрэвслийг үүсгэх, сэдрээх эрсдэлтэй. Манай улсад архины шалтгаант нойр булчирхайн цочмог үрэвслийн тохиолдол бусад орнуудтай харьцуулбал харьцангуй өндөр байдаг. Ялангуяа баярын өдрүүдийн дараа нойр булчирхайн цочмог үрэвслийн тохиолдол эрс ихэсдэг. Энэ нь хоолны дэглэм алдагдах, ялангуяа архи хэтрүүлэн хэрэглэхтэй холбоотой байдаг. Нойр булчирхайн цочмог үрэвсэл нь удаан хугацааны эмчилгээ шаардахаас гадна амь насанд эрсдэл учруулдаг өвчин.

Удаан хугацааны архины хэрэглээнээс хамгийн их гэмтдэг эрхтэн систем нь элэг. Манай улс 100 мянган хүн ам тутамд тохиолдох элэгний хавдрын өвчлөлөөрөө дэлхийн нэгдүгээрт орж байна. Ер нь элэгний хатуурал, хавдар үүсгэж байгаа гол гурван шалтгаан нь элэгний B вирус, элэгний C вирус, гуравт архины хэрэглээ юм. Нөгөө талаас элэгний B, C вирустэй тохиолдолд архи хэрэглэх нь элэгний үрэвслийг 3-6 дахин хурдасгадаг.

Мөн архи мэдрэлийн эсүүдийн сэрэл дамжуулах үйл ажиллагааг дарангуйлна. Архи хэрэглэсний дараа тархины сэтгэл хөдлөлийн төвд эерэг мэдрэмж төрүүлэх боловч алсдаа хүний биед бодисын солилцооны дарангуйлал, сэтгэл гутрал үүсгэж болон мэдрэлийн тогтолцоог гэмтээдэг.

Архи нь цусны судсыг тэлж, хялгасан судсыг гэмтээснээр зүрхний цусан хангамж буурах, зүүн ховдол томрох зэрэг эрсдэлийг дагуулдаг. Түүнчлэн жирэмсний бүхий л хугацаанд ургийн тархи хөгжиж байдаг тул жирэмсний аль ч үед архи согтууруулах ундааг хэрэглэхийг хориглодог.

-Та улс орны архины стандарт уултын хэмжээ өөр, өөр байдаг гэсэн. Тэгэхээр хүн болгоны архины нөлөөллийг хүлээж авах чадвар өөр гэж ойлгож болох уу?

-Архины стандарт уулт гэдэг ойлголт нь харилцан адилгүй байдаг. Жишээлбэл, тухайн хүний биеийн жин, нас, хүйсээс шалтгаална. Эрэгтэй хүний стандарт уултын хэмжээ өндөр байхад эмэгтэй хүний стандарт уултын хэмжээ харьцангуй бага байдаг. Үүнээс гадна тухайн үндэстнээс хамаарах нь бий. Жишээ нь, Ази хүмүүсийн дунд бие организмыг гэмтээгч гол бодис болох ацетальдегидийг задалдаг альдегиддегидрогеназ ферментийн хэмжээ Европ хүмүүстэй харьцуулахад бага байдаг. Тиймээс яг адил хэмжээний архины төрлийн бүтээгдэхүүн уусан тохиолдолд Ази хүн илүү хурдан согтож, эрхтэн систем нь илүү гэмтдэг. Үүнтэй холбоотойгоор улс орон бүр өөрийн гэсэн стандарт уултын тунгийн зохицуулалт хийсэн байдаг. Жишээлбэл, Австралид 10 грамм, Японд 20 грамм зэргээр өөр байдаг. Харин дэлхий нийтийн дундаж стандарт уултын хэмжээ бол 12 грамм этилийн спирт байдаг.

-Баяр ёслолын үеэр ч юм уу, зарим тохиолдолд архи, вино, шампанск зэргийг хольж уувал хүний эрүү мэндэд ямар нөлөө үзүүлдэг вэ?

-Манай улсад архийг ихэвчлэн улаан буудайгаар хийдэг. Оргилуун дарс /шампанск/, дарсыг /вино/ усан үзмээр хийдэг. Тиймээс архийг шампанск болон винотой холих хэрэггүй. Бүр болохгүй бол адилхан улаанбуудайгаар хийдэг пивотой хольж болох юм. Хольж хэрэглэх үед тухайн архи, вино, шампанскны дотор агуулагдах бодисууд нь синергизм үүсэх магадлалтай. Өөрөөр хэлбэл согтууруулах үйлчилгээг нь нэмэгдүүлнэ гэсэн үг.

-Хүмүүс согтохгүйн тулд нүүрсэн эм ууна гэж ярьдаг. Энэ нь хэр аюултай вэ?

-Архины багахан хувь нь ходоодны салст бүрхэвчээр, үлдсэн хэсэг нь нарийн гэдсээр дамжин цус руу ордог. Нүүрсэн эм буюу идэвхжүүлсэн нүүрс нь архи болон ацетальдегид гэх мэт хорт бодисыг өөртөө шингээх чадвартай тул эдгээрийн шимэгдэх хэмжээг багасгаж өгдөг. Гэхдээ их хэмжээгээр уусан тохиолдолд нүүрсний шингээх чадварт ханалт үүсдэг тул ямар ч нөлөөлөлгүй болдог. Тэгэхээр хамгийн зөв арга бол архийг тохируулж хэрэглэх юм.

-Баяр, наадмаар хүмүүс янз бүрийн хүнсний бүтээгдэхүүн хэрэглэж байгаад дээрээс нь архи уудаг. Архитай хольж хэрэглэж болохгүй ямар бүтээгдэхүүн байдаг вэ. Яагаад?

-Архийг бяслаг, үхрийн мах, гахайн мах, загас, шувуу зэрэгтэй хамт тохируулан хэрэглэснээс архидалтын дараах уургийн дутагдлаас сэргийлэх боломжтой байдаг. Харин архийг хийжүүлсэн ундаагаар даруулж уувал нүүрс хүчлийн хий үүсэж ходоод, элэг, бөөр зэрэгт муугаар нөлөөлнө. Мөн шоколад эсвэл халуун ногоотой хамт хэрэглэвэл ходоодны салстыг гэмтээх эрсдэлтэй байдаг.

-Шарталт гэхээр яг ямар процесс хүний биед явагдаж байдаг юм бэ?

-Архины хэрэглээг зогсоосны дараа бие организмд архи үгүйлэгдэж гар хуруу салганах, тамирдах, ам цангах, хүйтэн хөлс цутгах, дотор эвгүйтэх, хий огиулах, толгой өвдөх, хоолонд дургүй болох, нойргүй хямрах, зүрх дэлсэх цусны даралт ихсэх зэрэг зовиур шаналгаа үүсдэг. Үгүйлэгдэж буй согтоох бодисыг хүртмэгц эдгээр зовиур шаналгаа түр зуурын хугацаагаар намддаг ч энэ арга нь зовиур намдаах шалгарсан арга биш гэдгийг санаж байх хэрэгтэй.

-Хүн яагаад шартдаг юм бэ. Архины нөлөөллийг гадагшлуулж чадахгүй байна гэсэн үг үү?

-Архи нь шингэн хөөх дааварт нөлөөлснөөр архи уух явцад шээс ялгаруулалтыг нэмэгдүүлдэг. Шингэн хэт ихээр хөөгдсөнөөс хүний бие шингэний дутагдалд орж цусны хүчил шүлт, давсны тэнцвэр алдагдан дээрх хэлсэн шарталтын шинжүүд илэрдэг. Нөгөө талаас цусан дахь сахар задлах инсулин ялгаруулалт нэмэгдэж цусанд байвал зохих сахарын хэмжээ багасч, энергийн төвшин буурдаг. Мөн дээр дурдсан архины задралын бүтээгдэхүүн нь хүний биед хортой адил үйлчилгээ үзүүлж, хордлогын мэдрэмж төрүүлнэ. Мөн ходоодны хүчлийг ихэсгэж, ходоодны салстыг цочроодог.

-Архийг хэтрүүлэн хэрэглэсэн үед гоймон идэх нь зөв үү?

-Гоймонд гол учир байгаа биш, харин шингэн болон энерги өгч байгаад юм.

-Архины нөлөөгөөр бие тавгүйрхвэл ямар арга хэмжээ авах нь эрүүл мэндийн хувьд зөв бэ?

-Хамгийн гол нь уух хэмжээгээ тохируулж, архийг хэтрүүлэн хэрэглэхээс зайлсхий. Архи уух явцдаа хангалттай хэмжээний ус уух нь шингэний дутагдалд орохоос сэргийлнэ. Мөн уухаасаа өмнө хоол идэх нь согтолтыг удаашруулдаг. Архи уусны дараа дээр хэлсэн шалтгаануудын улмаас их хэмжээний шингэний алдагдалд ордог. Тиймээс шингэн сайн уух хэрэгтэй. Гэхдээ нэг дор их хэмжээгээр биш харин бага багаар ууна. Мөн хоёр халбага хүнсний содыг хоёр литр орчим усанд уусгаад бага багаар ууж болдог. Давсалсан байцаа, өргөст хэмх зэрэг нь эрдэс агуулдаг тул шарталтын дараах зовиур шаналгааг багасгахад нэмэр болно. Мэдээж зовиур шаналгаа их, эсвэл өвөрмөц шинжүүд илэрч байгаа бол эмчид хандах нь хамгийн зөв шийдэл байдаг.

Бусад мэдээ
Ярилцлага
Видео & Подкаст